Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Одоогоор өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа аж.
Энэ талаар Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан" Тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэйгээр холбоотойгоор Цагаан-Уул болон Мөрөн сумдад хөл хорио тогтоолоо. Хавьтал судлалын үйл ажиллагааг эрчимжүүлж, үргэлжлүүлж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар нэгдүгээр хавьтал болох 64 хүнийг тогтоож, 42 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. Мөн 20 хүнийг гэрээр тусгаарласан. Хоёр тохиолдлыг Цагаан-Уул суманд тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг бүрэн хяналтдаа авсан. Түүнчлэн, нэгдүгээр хавьтлуудад тохирох урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд хийгдээд явж байна. Хоёрдугаар хавьтлыг илрүүлж, одоогоор 30 орчим хүнтэй холбогдож гэрийн тусгаарлалтад байх, халдвар хамгааллын дэглэм барих чиглэлээр зөвлөмж заавар өгсөн.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сэхээн амьдруулах тасагт өвчилсөн иргэн болох Э-г шилжүүлэн, эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. Э нь маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа. Өчигдөр оройноос биеийн байдал тогтвортой болсон ч маш хүнд ангиллаар эмчлэгдэж байна. Тухайн хүний эмнэлзүйн байдлыг ажиглаад булчирхайн хэлбэрийн тарваган тахал байх магадлалтай гэж үзэж байгаа. Түүнчлэн, цаашид хөл хорио тогтоосон байдлаа хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмд шилжүүлэх, тарваган тахлын голомттой бүс нутгуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг арга хэмжээг аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна" гэлээ.