
АНУ-ын дуучин Крис Браун 2023 онд Лондон хотын шөнийн клубт хөгжмийн продюсер рүү халдсан хэргээр Их Британийн шүүхээс даваа гарагт хорих ял сонссон ч ялыг нь тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Шүүхийн танхимаас дуучныг гарч ирэхэд шүтэн бишрэгчид нь баярлан дэмжсэн байна.
Өдгөө 37 настай Браунд 2023 оны хоёрдугаар сард Лондон хотын Tape шөнийн клубт Абрахам Диав руу халдсан хэргээр Лондон хотын Саутуоркийн Эрүүгийн хэргийн шүүхээс найман сарын хорих ял оноосон ч тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Халдлагын үеэр Крис Браун Диавын толгой руу шилээр хоёр удаа цохиж, дараа нь уг шилийг түүн рүү дахин хоёр удаа далайсан бөгөөд прокурорууд үүнийг ямар ч өдөөн хатгалгагүйгээр үйлдсэн хэрцгий халдлага гэж тодорхойлжээ.
R&B урсгалын дуучин Крис Браун болон түүний дуу хоолойн багш, 40 настай Омололу Акинлолу нар өнгөрсөн долдугаар сард олон нийтийн хэв журмыг хүчирхийллийн шинжтэйгээр алдагдуулсан хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Харин бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулахыг завдсан болон биед нь бодит гэмтэл учруулсан халдлагын илүү хүнд зүйл ангиудаар буруутгагдсанаа үгүйсгэжээ.
Шүүгч Тони Баумгартнер “Энэ бол олон нийтийн газар үйлдэгдсэн ноцтой хүчирхийлэл. Брауны хувьд халдлага үйлдэхдээ шилийг удаа дараа ашигласан бөгөөд Диавын толгой руу хоёр удаа цохисон” гэж мэдэгджээ.
Шүүгч Браунд хандан “Таны алдар нэр, арилжааны амжилт, мэргэжлийн байр суурь танд онцгой хандлага эдлэх эрх олгохгүй. Хууль хүн бүрд адил тэгш үйлчилнэ” хэмээн онцолсон байна.
Гэхдээ шүүгч Баумгартнер Браунд оноосон ялыг 12 сарын хугацаанд тэнсэн харгалзахаар шийдвэрлэж болохыг мэдэгджээ. Ингэснээр Браун энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй бол хорих ял эдлэхгүй юм. Акинлолу ч мөн адил шууд хорих ял эдлэхээс чөлөөлөгджээ.