
Израилын агаарын цохилтын үеэр Ливанд ажиллаж байсан гурван сэтгүүлч амь үрэгдсэний дотор Хэзболлагийн эзэмшлийн Ал Манар телевизийн сурвалжлагч Али Шуайб багтсан байна.
Ал Манар телевизийн мэдээлснээр, Шуайб Израилын довтолгоонд өртсөн автомашинд явж байжээ. Харин Израилын арми түүнийг “сэтгүүлчийн дүрээр ажилласан террорист” бөгөөд өмнөд Ливанд Израилын цэргүүдийн байршлыг ил болгож байсан гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Ираны талд эерэг байр суурьтай Ал Маяадийн суваг ах дүү сэтгүүлч Фатима болон Мохаммад Фтуни нар мөн уг цохилтын үеэр амь үрэгдсэнийг мэдээлжээ.
Сэтгүүлчдийг хамгаалах хороо уг халдлагыг шалгаж эхэлснээ мэдэгдэж, “сэтгүүлчид ямар ч нөхцөлд бай бай болох ёсгүй” гэдгийг онцолсон байна. Мөн Израил сэтгүүлчдийг нотлох баримтгүйгээр “зэвсэгт этгээд” гэж буруутгах хандлага ажиглагдаж байгааг шүүмжилжээ.
Ливаны ерөнхийлөгчийн тамгын газар энэхүү халдлагыг “ил тод гэмт хэрэг” хэмээн нэрлэж, олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж буруутгасан байна. Түүнчлэн Ливаны мэдээллийн сайд Пол Моркос уг асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.
Одоогийн байдлаар Израил өмнөд Ливанд Хэзболла бүлэглэлтэй хийж буй цэргийн ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Халдлагын дараа нийтлэгдсэн дүрс бичлэгт амь үрэгдсэн сэтгүүлчдийн хамтран ажиллагчид тэдний сууж явсан автомашины шатсан үлдэгдлийг харуулж, “PRESS” гэж тэмдэглэсэн хамгаалалтын хантааз ч тэднийг аварч чадаагүйг онцолсон байна.
Энэхүү хэрэг нь дайны бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэднийг хамгаалах олон улсын хуулийн хэрэгжилтийн асуудлыг дахин хөндөж байна.