
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг хэсэгчлэн дурсгал болгож худалдаалж олон сая долларын орлого олох боломжтой гэж үзэж байна.
Энэхүү шийдвэр нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том ДАШТ-ийг үзэгч, хөгжөөн дэмжигчдэд илүү ойртуулах, бэлэг дурсгалын шинэлэг зах зээлийг бий болгох зорилготой аж.
FIFA-гийн маркетинг хариуцсан албаны мэдээлснээр, Нью-Жерси мужийн Ист-Резерфорд дахь MetLife цэнгэлдэх хүрээлэнд болох шигшээ тоглолтын дараа талбайн зүлгийг тусгай технологиор зүсэж, бэлэг дурсгалын хайрцагт савлан борлуулах юм.
Хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий аварга тодорсон тэрхүү түүхэн талбайн бодит хэсгийг өөрийн биеэр эзэмших ховор боломж бүрдэж байна. Борлуулалтаас олох хэдэн сая долларын орлогыг дэлхийн хэмжээнд залуучуудын хөлбөмбөгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх санд төвлөрүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Зүлгийг тусгайлан боловсруулж, урт хугацаанд чанараа алдахгүй байх хуурайшилтын технологиор хадгалах бөгөөд хэсэг тус бүрийг албан ёсны серийн дугаар, баталгаажуулалтын сертификаттайгаар худалдаанд гаргах аж.
Спортын томоохон тэмцээнүүдийн талбайн зүлэг, сагсан бөмбөгийн паркет эсвэл хаалганы торыг хэсэгчлэн зарах үзэгдэл өмнө нь гарч байсан ч ДАШТ-ий финалын талбайг ийм өргөн хүрээтэйгээр, олон нийтэд зориулан албан ёсоор худалдаалах гэж байгаа нь анхны тохиолдол юм. Цуглуулагчдын зүгээс уг зүлгэн хайрцагны эрэлт маш өндөр байх агаад цаашид үнэ нь улам өсөх хандлагатай гэж шинжээчид үзэж байна.