
Их Британи улсын Ливерпүүл хотод эхэлсэн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Францын таван эмэгтэй тамирчинг хасжээ. Францын боксын холбоо эмэгтэй тамирчдын хүйс тогтоох шинжилгээний хариуг заасан хугацаанд өгөөгүйн улмаас World Boxing-оос ийм шийтгэл оногдуулжээ. Их Британид ирсэн хойноо эмэгтэй тамирчид нь тэмцээнд оролцохгүй болсныг мэдсэн Францын боксын холбоо хүнд байдалд оржээ. Өчигдөр энэ шийдвэрийг сонссон тамирчид бухимдлаа илэрхийлж, спортын бус шалтгаанаар тэмцээнээс хасагдсандаа харамсаж байгаагаа хэллээ.
“Ливерпүүл-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд эхэлсэн. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал эхний тулаанаа Австралийн тамирчин Рамадантай хийнэ. Энэ тоглолт орон нутгийн цагаар 18:00-с эхэлнэ.