
Монгол Улсад ирэх тавдугаар сард зохион байгуулагдах шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга тэмцээний дотоодын сонгон шалгаруулалт өнгөрөгч долоо хоногт боллоо. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй ангилалд 25 шатарчин тоглох юм. Мөн Монголын шатрын холбооноос ангилал тус бүрт таван шатарчин оролцуулах эрхтэй.
Өчигдөр урьдчилсан шатны шалгаруулалт болж эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөх 25 шатарчин тодорлоо.
Нээлттэй ангилалд 95 шатарчин өрсөлдсөнөөс 12 настай, спортын мастер Ц.Ананд тэргүүлж Б.Дүүрэнхишиг, Э.Хаянхярваа, Ц.Тэнгис, Д.Төгсбилгүүн, Т.Гарьдбилэгт нарын 25 шатарчин шалгарлаа. Тэдний дунд 11 настай Э.Хаянхярваа, 10 настай Б.Батбилэг нарын өсвөрийн шилдэг шатарчид багтжээ.
Эмэгтэй ангилалд 51 шатарчин өрсөлдсөнөөс Ц.Мягмар, Н.Содбилэгт, М.Маргад, Б.Ану, Г.Нандинжигүүр, Э.Хулан, И.Мөнхжаргал нарын 25 шатарчин эрхээ авлаа.
“Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчдын нэрс энэ сарын 30-ны өдөр бүрэн тодорно. Тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдах юм.