
Сөүл Ормузын хоолойд цэргийн хүч байрлуулах асуудлыг авч үзэж буйтай холбоотойгоор Солонгос, АНУ-ын батлан хамгаалахын өндөр түвшний ээлжит яриа хэлэлцээ энэ долоо хоногт болно гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Хоёр жил тутам зохион байгуулдаг БНСУ, АНУ-ын Батлан хамгаалахын нэгдсэн яриа хэлэлцээ лхагва гаргаас баасан гараг хүртэл зүүн өмнөд нутгийн боомт хот Бусанд болно гэж тус яам мэдээлжээ.
Бодлогын асуудал хариуцсан дэд сайд Ким Хон Чоль болон АНУ-ын Зүүн Азийн асуудал хариуцсан дайны яамны туслах дэд сайд Жорж Лемёр нар бусад батлан хамгаалах, гадаад харилцааны гол албан тушаалтнуудын хамт хэлэлцээг удирдана.
“Уг уулзалтаар дайны үеийн шуурхай ажиллагааны командлалыг (OPCON) эргүүлэн авах, хамтарсан батлан хамгаалах байр суурь, усан онгоц үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг шийдвэрлэгдээгүй аюулгүй байдлын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна” гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Холбоотнууд тодорхой мэдээлээгүй ч Вашингтон стратегийн чухал усан замын аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад Солонгосыг нэгдэхийг шахаж буйтай холбоотойгоор Сөүл Ормузын хоолойд цэргийн хүч байрлуулах боломжийг хэлэлцэх төлөвтэй байна.
БНСУ Ормузын хоолойн орчмын аюулгүй байдлын нөхцөл байдлыг үнэлэх үүрэгтэй багийг өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улс руу илгээжээ.
Энэ алхам нь Солонгос Ормузын хоолойд цэрэг байрлуулах асуудлыг нухацтай авч үзэж байна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн ч Засгийн газар уг асуудлаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй гэж онцолсон байна. Иран улс тус бүс нутагт цэргийн хүч илгээх аливаа боломжит шийдвэрийг олон нийтэд анхааруулж, ийм алхам нь “ноцтой үр дагаварт” хүргэнэ гэж мэдэгджээ.
Сөүлийн Вашингтоноос дайны үеийн шуурхай ажиллагааны командлалыг эргүүлэн авах зорилт мөн энэ долоо хоногийн уулзалтаар хэлэлцэгдэнэ. Солонгос улс Ерөнхийлөгч Ли Жэ Мёны таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2030 онд дуусахаас өмнө, тодруулбал ирэх жил гэхэд дайны үеийн командлалыг эргүүлэн авахыг зорьж буй.
Солонгос улс хамтарсан хүчний “бүрэн ажиллагааны чадавх”-ыг баталгаажуулах хоёр дахь шатны үнэлгээг дуусгаж, OPCON шилжүүлэх зорилтот оныг энэ намар болох хоёр улсын батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар зарлахыг хүсжээ.
2011 онд эхлүүлсэн KIDD нь холбоотнуудын батлан хамгаалахын өндөр түвшний иж бүрэн яриа хэлэлцээ юм.
Энэ долоо хоногийн уулзалт нь тавдугаар сард Вашингтонд болсон өмнөх уулзалтаас хойш энэ онд зохион байгуулагдах хоёр дахь уулзалт болж байна.
KIDD-ийн уулзалт Сөүл, Вашингтоноос өөр газар анх удаа болох гэж байна. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Бусаныг сонгосон нь хоёр тал усан онгоц үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулах зорилготой аж.