
Сүүлийн жилүүдэд АНУ-ын цөмийн болон сансар судлалын эмзэг мэдээлэлтэй холбоотой дор хаяж 10 эрдэмтэн нас барсан эсвэл сураггүй болсон нь хоорондоо холбоотой эсэх талаар болгоомжлол үүсгэж, онлайн орчинд сэжигтэй үйл ажиллагааны тухай таамаглалуудыг өдөөж байна.
Массачусетс муж дахь гэрийнхээ гадна буудуулж амиа алдсан цөмийн физикч, MIT-ийн профессор, Нью-Мексикод гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан генерал, Лос-Анжелест явган аялал хийх үеэрээ алга болсон сансар судлалын инженер зэрэг тохиолдлууд үүнд багтаж байна.
Холбооны мөрдөх товчоо “сураггүй болсон болон нас барсан эрдэмтдийн хооронд холбоо байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа” хэмээн мэдэгдээд, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, муж болон орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай хамтарч байгаагаа онцлов.
Тусдаа байдлаар Бүгд Найрамдах намын удирдлагатай Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороо эдгээр нас барсан эрдэмтэд, сураггүй алга болсон хэргүүдийн талаар мөрдөн шалгах болсноо даваа гарагт зарлан “шинжлэх ухааны эмзэг, чухал мэдээлэлд хандах боломжтой хүмүүс” байсан талаар мэдэгдлээ.
Хорооны мэдэгдэлд “эдгээр тохиолдлуудын хооронд сэжигтэй холбоо байж болзошгүй” талаар дурдаад Холбооны мөрдөх товчоо, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, НАСА-гаас мэдээлэл авахыг хүсжээ.
Батлан хамгаалах яам шууд хариу өгөхөө мэдэгдсэн бол Эрчим хүчний яам асуултыг Цагаан ордонд шилжүүлсэн байна.
НАСА өөрийн X платформ дээр “холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, зохицуулж байна” гэж мэдэгдсэн бол төлөөлөгч Бетани Стивенс “одоогийн байдлаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэх шинжтэй зүйл илрээгүй” гэжээ.
Тохиолдлууд харилцан адилгүй байна
Эдгээр хэрэг явдлууд нөхцөл байдлын хувьд ихээхэн ялгаатай. Зарим нь шийдэгдээгүй аллага бол зарим нь гэмт хэргийн шинж тэмдэггүй сураггүй алга болсон хэрэг юм. Хоёр тохиолдолд гэр бүлийнхэн нь урьдчилсан өвчин, хувийн асуудлыг шалтгаан гэж үзжээ. Одоогоор албаныхан эдгээр хэргүүдийн хоорондын холбоог хараахан тогтоогоогүй байна.
Цагаан ордон мөн холбооны байгууллагуудтай хамтран боломжит холбоог шалгаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трамп “ноцтой асуудал” гэж нэрлэжээ.
Хяналтын хорооны дарга Жеймс Комер “энэ нь зүгээр давхцал байх магадлал маш бага” хэмээн мэдэгдэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эхлэл: 2023 он
Хууль тогтоогчдын мэдээлснээр энэ цуврал тохиолдол 2023 онд НАСА-гийн Jet Propulsion Laboratory-д 25 жил ажилласан эрдэмтэн Майкл Дэвид Хикс нас барснаар эхэлжээ. 2023 оны долдугаар сарын 30-нд 59 насандаа нас барсан түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна.
Уильям Нейл МакКасланд - АНУ-ын Агаарын хүчний тэтгэвэрт гарсан хошууч генерал бөгөөд сансар, батлан хамгаалах дэвшилтэт судалгааны салбарт ажиллаж байсан өндөр албан тушаалтанОхин Жулия Хиксийн мэдүүлснээр аав нь эрүүл мэндийн асуудалтай байсан тул энэ асуудлыг холбооны мөрдлөгтэй холбож байгаад эргэлзэж байгаагаа CNN-д хэлжээ.
Үүнээс хойш тус лабораторитой холбоотой хэд хэдэн хүн нас барж, сураггүй болсон байна. Үүнд сансар судлалын мэргэжилтэн Фрэнк Майвальд (2024 онд 61 насандаа нас барсан), инженер Моника Реза (2025 оны зургадугаар сард явган аяллын үеэр алга болсон) багтана.
Мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан хошууч генерал Уильям Нейл МакКасланд 2025 оны хоёрдугаар сарын 27-нд Нью-Мехико дахь гэрээсээ гарснаас хойш сураггүй байгаа тул ХМТ эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Тэрээр Пентагоны дэвшилтэт сансар судалгааны төвд ажиллаж, Wright-Patterson бааз дахь судалгааны лабораторийг удирдаж байжээ.
Энтони ЧавезТүүний эхнэр Сьюзан МакКасланд Уилкерсон нөхрийнх нь алга болсон хэргийг “Roswell” гэх харь гаригийн домогтой холбосныг эрс эсэргүүцсэн юм.
Нью-Мехикод байрлах Лос-Аламосын үндэсний лабораторитой холбоотой хоёр хүн мөн сураггүй болсон. Тодруулбал, Мелисса Касиас (2025 оны зургаадугаар сар), Энтони Чавез (2025 оны тавдугаар сар) сураггүй алга болсноос хойш шинэ мэдээлэл олдоогүй байна. Албаныхан энэ хоёр тохиолдолд гэмт хэргийн шинж илрээгүй гэж мэдэгдсэн аж.
Сүүлийн саруудад хэд хэдэн нэр хүндтэй эрдэмтний нас барсан хэрэг холбогдох газруудын анхаарлыг татжээ.
MIT-ийн профессор, цөмийн хайлалтын судлаач Нуно Ф.Г. ЛоурейруMIT-ийн профессор, цөмийн хайлалтын судлаач Нуно Ф.Г. Лоурейру 2025 оны арванхоёрдугаар сард буудуулж амиа алджээ. Тэр MIT-ийн Плазмын шинжлэх ухаан, хайлалтын төвийг удирдаж байсан.
Калифорнийн Технологийн хүрээлэнтэй холбоотой астрофизикч Карл Гриллмэйр мөн 2026 оны хоёрдугаар сард буудуулж нас барсан.
Мелисса КасиасМөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан Мэттью Жеймс Салливан 2024 онд нас барсан нь үл үзэгдэх нисдэг биеттэй холбоотой шүгэл үлээгчийн хэрэгт мэдүүлэг өгөхөөс өмнө болсон гэж Конгрессын гишүүн Эрик Бурлисон мэдэгджээ.
2022 онд нас барсан Эми Эскриджийн хэрэг ч дахин анхаарал татаж байгаа бөгөөд түүний гэр бүл “эрдэмтэд ч бас нас бардаг, үүнийг хэт дөвийлгөх хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.
Эми ЭскриджХолбооны мөрдлөг үргэлжилж байна
Ерөнхийлөгч Доналд Трамп эдгээр тохиолдол зүгээр давхцал байгаасай гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “бүх хэргийг хамтад нь судалж, нийтлэг шинж байгаа эсэхийг тодорхойлох” зорилготой ажиллаж байгааг мэдэгдсэн байна.
ХМТ-ны захирал Каш Пател “нууц мэдээлэлд хандах эрх, гадаадын хүчин зүйлтэй холбоо байгаа эсэхийг шалгана” хэмээгээд хэрэв хууль бус үйл ажиллагаа илэрвэл баривчилгаа хийнэ гэжээ.