
Засгийн газар 2027 оны төсвийн төслөө өчигдөр, хуулийн хугацаанд нь УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ энэ сарын 15-нд намрын ээлжит чуулганы нээлтээ хийж төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Уг нь хэдхэн хоногийн өмнө улс төрийн нөхцөл байдал өөр байлаа. Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол өргөн мэдүүлж, УИХ-ын дарга С.Бямбацогт “Есдүгээр сарын 1-нд УИХ-ын даргын дэргэд зөвлөлийг хуралдуулж ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдэж байлаа. Мөн сөрөг хүчнээс Засгийн газрыг огцруулах санал гаргаж байгаагаа танилцуулсан. Харин эрх баригч МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж, Засгийн газрыг огцруулж болохгүй гэдэгт санал нэгдэж, ээлжит бус чуулган ч хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн мэдээлэл гарсан. Хэдхэн хоногийн дараа ээлжит чуулган хуралдаж эхлэх учир ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгийг гишүүд хэлжээ. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш шийдвэрлэнэ. Өнөөдөр хуралдахаар төлөвлөж байсан ч маргааш 10.00 цагаас хуралдахаар товложээ. Төсвийн орлого их хэмжээгээр тасарсан, үнийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор дарамт учруулж эхэлсэн зэрэг УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шаардлагатай олон асуудал бий.
Харин шууд намрын чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд хэлэлцэх асуудал нь тодорхой. УИХ-ын ээлжит чуулган бүрийн төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх төслүүдийнхээ жагсаалтыг баталдаг. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг баталсан. Намрын чуулганаар заавал хэлэлцдэг, хуулийн хугацаатай дөрвөн асуудал бий.
1. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
2. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл;
3. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
4. УИХ-ын 2027 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай болон ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай УИХ-ын тогтоолын төслүүд.
УИХ-ын намрын чуулганаар 24 хуулийн төсөл, таван тогтоолын төсөл, нийт 29 төсөл хэлэлцэхээр баталсан юм.