Одоогоос хоёр жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна аарц, цай зардаг эмээтэй нэгэн бүсгүй таарч, хууч дэлгэн улмаар түүнийг өөрийн гэсэн тохилог сууцтай болгосон сайхан түүх бий.

Сайхан сэтгэлт энэ бүсгүйг Ц.Сувд-Эрдэнэ, харин түүний тусласан эмээг Хорлоо гэдгийг өдгөө мэдэхгүй хүмүүс үгүй биз ээ. Тэгвэл хүйтэнд галтай залгуулж, хоноглох сууцыг нь дулаан байраар сольж өгсөн Ц.Сувд-Эрдэнэдээ өдгөө Хорлоо эмээ тустай явна.

Тэрээр саяхан нярайлсан Ц.Сувдаагийндаа үе үе ирж, хүүхдийнх нь даавууг угааж, хоол цайг нь бэлдэж өгч байгаа гэнэ. Хүмүүнлэгийн үйлсэд залуусыг манлайлан ажилладаг бүсгүй маань энэ сарын 15-ны өдөр амаржиж, гуравдахь охиноо өлгийдэн авчээ.

Энэ талаар Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Хоёр жилийн өмнөхөн 90 гарсан буурал толгойтой хоёр таяг тулсан танихгүй эмээтэй "Бөмбөгөр" худалдааны төвийн гадаа таарч байхдаа ирээдүйд ижий минь болж эх үрийн холбоотой болно гэдгээ төсөөлөөгүй явсан юм.

Хорлоо эмээ дандаа л бусдын төлөө залбирч, бусдад санаа тавьж явдаг. Хүмүүс ихэвчлэн азтай эмээ гэдэг. Харин миний хувьд азтайдаа биш үнэхээр ач буянаа л эдэлж яваа эмээ. Бие давхар болсныг сонссоноос хойш байнга л залгаж биеийг маань асуудаг байлаа. Харин төрөнгүүт очиж асарч өгнө заавал хэлээрэй гэсэн тушаал өгсөн юм хэхэ. Ингээд бяцхан охин маань мэндэлж хамгийн түрүүнд эмээдээ дуулгахад нэг өдрийн орлогоороо /цай зардаг бөгөөд өдөрт 2500/ шингэж сүү авчихсан давхиад ороод ирсэн. Өнөөдрийн хувьд надад хамгийн жаргалтай өдөр байна. Анхны хүүхдээ гаргаж байхад ээж маань бурханы оронд очсон байсан. Эмэгтэй хүн төрөх, өвдөхдөө ээжийгээ ямар их үгүйлж ямар их санадаг гээч. Тэгвэл яг л энэ үед сэтгэл минь жаргалаар бялхаж хийсэн шөлийг нь амтархан идэж мойног хуруунуудаараа духны сэвлэгийг хойш нь болгох тэр л үед би ээжтэй хүн гэж чанга орилмоор бас хэн нэгэнд гайхуулмаар.

Одоо эмээ 92 настай ч хүүхдийн даавуу угааж, хар шөл хийж, хүүхэд усанд оруулаад ёстой л мундаг буурай. Ойрын хэд хоног ажилдаа явж чадахгүй тул "Бөмбөгөрийнхөн" уншиж байвал "Эмээ охиноо төрүүлж яваа шүү"  хэмээн бичжээ.

Хүнд тус хийвэл өөрт тус ирдэгийн жишээ энэ ажээ.

Гэрэл зургийг Ц.Сувд-Эрдэнийн фэйсбүүк хуудаснаас авав.