Монгол Улсын Консерваторийн сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэж тус коллежийн багш нар өнөөдөр сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагсан шаардлага хүргүүлсэн.
Уг сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 5-6 давхар барилга барихаар болсныг төгсөгчид болон багш нар эсэргүүцээд 10 гаруй хоног болж буй юм.
Сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцээд буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзаж, хоёр тал ойлголцолд хүрсэн байна.
Энэ талаар Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Консерваторийн сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцсэн түр хороо байгуулагдсан. Нэг зүйлийг хэлэхэд, мэдээлэл маш их дутуу байна. Тодруулбал, Консерваторийн сургуулийн удирдлагууд Боловсролын яамтай хийсэн гэрээ болон Монгол Улсын төсвийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл муутай байна гэж ойлголоо.
Монгол улсын Консерваторийн сургуулийг цаашдаа кемпус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тавдугаар сард хийсэн. Уг төлөвлөгөөгөөр, 650 хүүхдийн шинэ сургууль барих, зориулалтын концертын болон спорт заалтай хөгжмийн стандартын зориулалтаар барих ерөнхий макет хийгдсэн.
Консерваторийн газар хулгайлагдсан байна. Харамсалтай нь өнөөдөр тэмцэл хийж байгаа хүмүүс хулгайлагдсан газрынхаа төлөө биш хулгайд алдсан газрыг нь авчирсны төлөө тэмцэж байна гэж би харж байна. Тодруулбал, Консерваторийн сургуулийн баруун хойд буланд Консерваторийн сургуулийн багш нарын орон сууц гэх нэртэй барилга баригдсан. Гэхдээ уг барилгад дөрөв, таван багш л уг барилгад орсон. Түүний урд байгаа 16 граш бий. Тиймээс Боловсролын яам бусдад хууль бусаар булаагдсан уг 0.3 га газрыг буцааж Консерваторийн эзэмшилд шилжүүлэхээр болсон.
Мөн барилга барих гэж байна гээд эсэргүүцээд байгаа газар Монгол Улсын Циркийн сургууль барихаар төлөвлөж байсан.
Гэхдээ хувь хүний нэр дээр шилжсэн газрыг буцаан авч, циркийн зориулалттай барилгыг хоёр тэрбум төгрөгөөр барих тохиролцоонд хүрсэн.
Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар Монгол Улсын 2021 оны улсын төсөвт 15 тэрбум төгрөгийн өртөг бүхий хуулийн төслийг сургуулийн удирдлагууд төгсөгч, суралцагч нартаа дутуу мэдээлэл өгсөн. Зарим нь Консерваторийн мэдээллийг улс төрийн зорилготойгоор буруу мэдээлж байна.
Бодитоор баригдах барилга нь ямар зориулалттай талаар түр хорооныхонтой ярилцлаа.
Монгол Улсын консерватори бол газрын өмчлөгч биш, эзэмшигч юм. Тиймээс БШУЯ-ны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж буй хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор ийм нөхцөл байдал үүслээ. Цаашдаа хөгжлийн асуудлын талаар хоёр тал ойлголцолд хүрсэн.
Консерваторийн алдагдсан байсан 0.6 га газрыг эзэмшилд нь буцаан авч, үүний 0.1 хувьд нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ийм нөхцөл байдал үүссэн” гэлээ.