Төрийн банк киоск машин буюу ухаалаг цахим теллер үйлчилгээг нийслэлийн салбарууддаа нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр иргэд орон сууц, нийгмийн даатгал, тээврийн хэрэгслийн торгууль, гар утасны төлбөр төлөх зэрэг үйлчилгээг ямар нэгэн оочир дугааргүй хурдан шуурхай авах боломжтой боллоо. Төрийн банкны харилцагчидын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн дурын банкны харилцагч киоск машиныг ашиглан төлбөрөө карт болон QPay ашиглан төлж болно.

Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхмаа “Төрийн банк хоёр сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 80 гаруй хувийн гүйлгээ Төрийн банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн 50,  халамжийн 80 гаруй хувийг Төрийн банкаар олгодог. Харин Төрийн банкны киоск машин буюу цахим теллер үйлчилгээ нь иргэдэд банканд урт дараалал үүсгэхгүйгээр банкны олон төрлийн үйлчилгээ авах боломжийг олгож байна”.