Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Тиймээс Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг 1994 онд батласан аж. Харин 2009 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх болсон юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долоодугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлүүдийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай. Гэхдээ цар тахлын эрсдэлээс сэргийлсэн хязгаарлалтын хүрээнд цэргийн жагсаал хоёр дахь жилдээ цуцлагдлаа. Гэхдээ энэ л өдөр Монгол түмэн, туурга тусгаар эх орныхоо иргэн нь байх ариун үүргээ ухамсарлаж, түүний баталгаа болсон төрийн далбаагаа өөд нь өргөн хөлд нь мэхийн ёслох ёслолын өдөр гэдгийг мэдэрч байх нь бидний бас нэгэн соёл, уламжлалын үргэлжлэл билээ.
Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Богд хаант Монгол улсын далбаа 1911 он

Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1924-1940 он

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1940-1945 он

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 он

Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ: “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна”.
1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос
