Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Засгийн газраас зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хаалттайгаар хэлэлцэн баталсан.
Хуулийн төсөл таван бүлэгтэй бөгөөд хөнгөн, анх удаа ял шийтгэл хүлээсэн иргэдээс гадна автомашины торгуулийг тэглэх асуудлыг оруулсан талаар мэдээлээд байгаа юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хуулийн төсөлд авлига албан тушаалын хэрэг, бэлгийн эрх эрх чөлөө, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хуульд хамаарахгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгасан. Тодруулбал, мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хүн алах, галт зэвсэг зэрэг гэмт хэрэг энэ хуульд хамаараагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй. Шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хамаарна. Зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ.
Улмаар нийт 4000 гаруй этгээд өршөөлд хамрагдаж байгаа. Тодруулбал, хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор болсон. Мөн 180 орчим хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж байна.
Түүнчлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана.
Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болсон" гэлээ.