ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр өглөө буюу орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 09.00 цагийн үед Тээврийн яамны сайдаа халах тушаал гаргасан байна. Тээврийн сайд Роман Старовойтыг халах тушаалыг Кремль албан ёсоор танилцуулсны дараахан сайд агсан нас барсан байдалтай олджээ.

Роман Старовойт яг хэдэн цагийн орчимд нас барсан байдалтай олдсон нь тодорхой бус байна. Ямартай ч хэвлэлүүд ажлаас нь халах тушаалыг танилцуулснаас хойш хэдхэн цагийн дараа цогцос нь олдсон гэж мэдээлжээ.

Москвагийн Одинцово дүүрэгт машин дотор буудуулж нас барсан сайд агсны цогцсыг олсон бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажил эхэлжээ. Оросын мөрдөн шалгах хороо урьдчилсан байдлаар Романыг амиа егүүтгэсэн байж магадгүй гэсэн мэдээллийг өгөөд байна.

Даваа гарагийн өглөө Путины гаргасан тушаалд Роман Старовойтыг Тээврийн сайдын албан тушаалаас нь халж оронд нь дэд сайд Андрей Никитинийг сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг танилцуулахдаа итгэлцэлгүй байдлаас болж сайдыг халсан гэж хэлсэн. Үүнээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Уг явдалтай зэрэгцэн өчигдөр ОХУ-ын Тээврийн яамны өөр нэг алба хаагч нас барсан байна. Яамны ажилтан 42 настай Андрей Корнейчук галт тэрэгний тээврийг хариуцсан хэлтэст ажилладаг байсан байна. Түүнийг ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор сайд болон яамны ажилтны үхэл хоорондоо ямар нэг холбоотой гэж үзэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа юм.

Роман Старовойт өнгөрсөн жилийн тавдугаар сард Тээврийн сайдын албанд томилогдсон. Сайдын албанд томилогдохоосоо өмнө Оросын өмнөд Курск мужийн захирагчаар ажиллаж байжээ. Уг албанд 2018 оноос хойш сайд болтлоо буюу 2024 он хүртэл ажилласан байна.

Анхаарал татаж байгаа бас нэг зүйл нь Старовойт Курск мужид бэхлэлт барихаар байршуулсан төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр шалгагдаж байжээ. Тэрээр Украины арми Курск руу гэнэтийн цохилт өгөхөөс өмнө мужийн захиргааны ажлаа хүлээлгэж өгсөн байсан. Гэсэн ч тус бүс нутагт аюулгүй байдлыг хамгаалах ажлыг хангалттай гүйцэтгээгүй гэж буруутгагдаж байжээ.

Вести, Коммерсант зэрэг Оросын өдөр тутмын хэвлэлүүд Старовойтыг шалгагдаж байсан тухай мэдээлж, баривчлагдах нь тодорхой байсан гэжээ.

Тээврийн сайдыг халах тушаалыг гаргахаас өмнөхөн өнгөрсөн амралтын өдрүүдээс даваа гараг хүртэл өдрүүдэд Украины арми Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалтай дронуудаар агаарын цохилт өгсөн байна. Энэ үеэр Орост 500 орчим нислэгийг цуцалж, 90 нислэгийн чиглэлийг өөрчилж, 2,000 орчим нислэгийг хойшлуулсан байна. Оросын Батлан хамгаалах яам Украинаас хөөргөсөн алсын тусгалтай 400 дроныг замд нь устгасан тухай мэдээлжээ.

Украины армийн зүгээс Москвагийн хойно байдаг Краснозаводск дахь химийн үйлдвэр рүү дайрсан тухай мэдээ өгчээ. Энэ үйлдвэрт зэвсэг, сум үйлдвэрлэдэг.