Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо болон МАН-ын бага хурал өнөөдөр хуралдана. Энэ хурлаар хоёр нам тус тусын дотоод асуудлаа хэлэлцэж, мөрийн хөтөлбөрөө батлах учиртай. Учир нь Сонгуулийн хуулийн дагуу намууд энэ сарын 20-ны дотор Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа өнгөрсөн бямба гарагт хийх байсан ч хойшлогдсоноор өнөөдөр буюу МАН-ын бага хуралтай яг зэрэгцэж зохион байгуулахаар болсон. Тэгвэл АН-ын ҮЗХ болон МАН-ын бага хурлыг харьцуулъя.

АН эв нэгдлээ тунхаглах уу

Ардчилсан намын хувьд энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар намын дотоод асуудлаа шийдэж, хагарал, тэмцлээ нэг тийш шийдэх хүндхэн даваа хүлээж байна. Тодруулбал, АН-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар хатуухан байр суурь илэрхийслэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга АН-аас нэр дэвшүүлж, сонгож болохгүй хүмүүсийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор АН-ынхан эв нэгдлээ хэрхэн тунхаглах вэ гэдэг асуудал гишүүд, дэмжигчдийнх нь санааг зовоож буй. Түүнчлэн энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар АН-ынхан бусад намуудтай нэгдэх, эвсэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тэрний дараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, батлах хүлээлт байна.

Эрүүл монгол хүн, ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгоход голчлон анхаарна. Мөн дэд бүтцийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй автозамаар холбох, иргэдээ орон сууцжуулах зэрэг өнгөрсөн дөрвөн жил эхлүүлсэн томоохон ажлуудаа дуусгана хэмээн амлаж буй

Ардчилсан нам 2012 оны сонгуулиар “Монгол хүн-2020” хөтөлбөрийг дэвшүүлж, ялалт байгуулсан. Тийм учраас энэ удаагийн сонгуульд тус хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, анхнаасаа 2020 он хүртэл мөрийн хөтөлбөрөө гаргасан. Одоо “Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэлж, 2020 он хүртэл тодотгол хийж, батлах юм. Энэ хүрээнд эрүүл монгол хүн, ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгоход голчлон анхаарна. Мөн дэд бүтцийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй автозамаар холбох, иргэдээ орон сууцжуулах зэрэг өнгөрсөн дөрвөн жил эхлүүлсэн томоохон ажлуудаа дуусгана хэмээн амлаж буй билээ. Гэхдээ мөрийн хөтөлбөр чухам ямар байдлаар батлагдахыг өнөөдрийн хурал эцэслэн шийднэ.

МАН “Монголоо аврах” мөрийн хөтөлбөр батална

МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д сөрөг хүчин хийсэн. Эрх баригч АН-ын үед Монгол Улс өрөнд орсон хэмээн зарлаж буй билээ. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар “Монголоо өрнөөс аврах цаг болсон” хэмээн тунхаглаж буй. Тэдний хувьд сонгуульд баримтлах гол “тактик”-аа улсын өр хэмээн тодорхойлж байх шиг байна. Улсын өр хэрээс хэтэрсэн монгол хүн бүр өртэй төрөх болсон гэх зэргээр удаа дараа мэдэгдэж байгаа юм.

МАН-ын “21-100”хөтөлбөрийг танилцуулсан. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр барьж, ажлын байрыг нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэх замаар ам.долларын ханшийг бууруулж, улсаа өрнөөс гаргах бодлого гэж буй билээ.

Түүнчлэн ирэх сонгуулиар Монголыг өрнөөс гаргахын тулд үйлдвэржүүлэх бодлого баримтална гэж буй. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хаврын чуулганы эхэн үед мэдээлэл хийхдээ МАН-ын “21-100”хөтөлбөрийг танилцуулсан. Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр барьж, ажлын байрыг нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэх замаар ам.долларын ханшийг бууруулж, улсаа өрнөөс гаргах бодлого гэж буй билээ.

Мөн МАН-ынхан энэ удаагийн хурлаар зарим намуудтай эвсэх асуудлыг ч хэлэлцэнэ. МАН-ынхан МАХН-тай эвсэж сонгуульд оролцох нь үндсэндээ тодорхой болсон гэх мэдээлэл бий. Эл мэдээллийг Бага хурлаар баталгаажуулах магадлалтай.