Афганистаны газар нутгаас гаднын цэргийн хүчийг гаргахтай зэрэгцээд Талибан хөдөлгөөний дайчид довтолгоогоо эрчимжүүлж, булаан эзэлж буйг НҮБ анхаарууллаа. Босогчид тавдугаар сараас хойш Афганистаны 370 суурингийн 50 гаруйг эзэлж авсан хэмээн НҮБ-ын тусгай элч Дебора Лайонс мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандан бүс нутагт зөрчилдөөн ширүүсэх нь Афганистаны аюулгүй байдал хийгээд хөрш орнуудын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулсан юм.

АНУ болон НАТО ирэх есдүгээр сарын 11-ний дотор Афганистаны нутгаас цэргээ бүрэн гаргахыг зорьж буй.

Мягмар гарагт Афганистаны Тажикистантай хиллэдэг гол боомтыг талибанчууд эзэлжээ. Уг боомт нь сүүлийн өдрүүдэд байлдааны ажиллагаа явагдаж буй хойд нутгийн Кундуз мужид байрладаг ажээ. Талибаны дайчид мужийг бүхэлд нь хяналтандаа авсан гэж зарласан ч Афганистаны Батлан хамгаалах яам  зарим дүүргийг эргүүлэн авч байлдааны ажиллагаа үргэлжилж байна гэж мэдэгдэв. Кундуз муж нь стратегийн чухал ач холбогдолтой байрлал бөгөөд 2015 онд хэсэг хугацаанд босогчдын мэдэлд орж, нэг жилийн дараа НАТО-гийн дэмжлэгтэй засгийн газрын цэргүүд буцааж авсан юм.