Манай улс анх удаа Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн батлах гэж байна. 1999 оноос шинэчлээгүй Хөдөлмөрийн хуулийг бүрэн шинэчлэхээр Засгийн газар 2018 оны хавар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. Улмаар долоон чуулган өнгөрсөн ч хуулийн төслийг эцэслэн баталж чадаагүй байна. Харин өнөөдөр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийх бол эцэслэн батлах эсэхийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэх юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль шилжилтийн үед тохирсон, зах зээлийн нийгэмд үйлчлэхэд хүндрэлтэй, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж чаддаггүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулдаг нь хуулийг шинэчлэх үндэс болсныг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тиймдээ ч хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол гэрээ байгуулах үүрэг хүлээх, албан бус салбарынхны хөдөлмөрийн харилцааг хуулиар бий болгох, хөдөлмөрийн маргааныг анхан шатанд шийдвэрлэх зэрэг онцлог зохицуулалтыг шинэ төсөлд тусгажээ. Ингээд хуулийн төсөлд тусгасан онцлох заалтуудаас хүргэе.
Онцлох заалтууд
-Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож ажилтанд нөхөж олгоно.
-Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаах тухай тусгажээ.
-Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.
-Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.
-Зөвхөн 6 ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхтголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж.
-Жирэмсэн, хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
-Дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө.
-Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 20 өдөр байна. Харин төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан 20 жилд ажлын хоёр өдөр, 25 жилд ажлын дөрвөн өдөр, 31 жилд ажлын зургаан өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын есөн өдөр амралтын хугацаан дээр нэмнэ.
-Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.
-Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа 1 жилээс илүүгүй байна.
-Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.
-Малчин, гэрийн үйлчлэгч гээд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа л бол хөдөлмөрийн гэрээ байгуулна.
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр 15, хөнгөн ажил бол 13 байхаар хуульд тусгасан байна.
Шүүмжлэл дагуулж буй зохицуулалтууд
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөлийг нэмэхээр ажилтантай тохирч болох зохицуулалт нэмэхээр болжээ. Энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажил эрхлэхгүй байх санал юм. Хэдийгээр энэ хугацаандаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авах ч энэ зохицуулалт нь хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, ажиллах орчин нөхцөл сайтай, цалин хангамж өндөртэй байгууллагад шилжиж орох боломжийг Хөдөлмөрийн хуулиар үгүй хийх талаар шүүмжлэл өрнөж байна.
Мөн ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох боломжтой. Харин ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Ингэснээр сургалтад хамрагдсанаар тухайн ажилтан өрөнд орж, өөр байгууллагад хөдөлмөр эрхлэх эрхээ алдах нь.
Түүнчлэн ажилчдад олгох тэтгэмж шүүмжлэл дагуулж байна. Зургаан сараас дээш ажилласан ажилтнуудыг ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч нь тэтгэмж өгөх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан. Бизнес эрхлэгчид уг зохицуулалтыг хүмүүс ажилд орсон ч сонирхолгүй болохоороо ажлаас гарч тэтгэмж авдаг тогтолцоотой болох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Ийнхүү 20 гаруй жил шинэчлээгүй хуулийн төсөлд эдгээр шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Гэхдээ эдгээр зохицуулалт нь хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу.