Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийсэн юм. Тэрээр "Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу УИХ 1995 оны дөрөвүгээр сарын 21-нд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хувь хүний нууцын тухай хуульд шинээр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд оруулахаар энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн үндэсний комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол дууны, дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно" гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олнх нь уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.