Энэ жилийн наадам жуулчингүй
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ томилогдмогцоо аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарыг сэргээх таван кластер төлөвлөгөө танилцуулж байв. Гэвч яг өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн биш байна. Монгол Улс зургаадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээсэн нь жуулчдын урсгалыг нээсэн гэсэн үг биш байх нь.
Аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуйн дараа орох томоохон салбар. Монгол Улсын ДНБ-ий 14.4 хувийг буюу 607 сая ам.долларыг бүрдүүлж байсан салбар өнөөдөр сэргэлт ярихаас илүү энэ жилийг хэрхэн аргацаахаа ярьж байна.
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо 2020 онд 936 болж өмнөх оноос 26.3 хувиар буурсан. Уг салбарт 88 мянган ажлын байр байгаа хэмээн Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Ковид19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаанд буюу нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65.8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97.6 хувь хүртэл буурчээ. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амслаа.
Монголын аялал жуулчлалын холбооноос нэгтгэсэн мэдээллээр, 2021 онд манай улсад 40 мянган жуулчин ирэх хүсэлтэй байгаа гэжээ.
Ковид19-ийн улмаас оны эхний хагас жилд тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарынхан долоодугаар сарын 1-нээс жуулчин хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байв. Гэтэл сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, энэ жилийн баяр наадмыг нийслэлд үзэгчгүй зохион байгуулж, аймаг сумдын наадмыг цуцалсан тул наадмаар жуулчин хүлээж авахгүй нь нэгэнт тодорхой боллоо.
Үүнээс өмнө тур операторын үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал “Жуулчид доод тал нь хагас жилийн өмнөөс аяллаа төлөвлөдөг. Гэтэл одоо наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байтал журам бэлэн болоогүй байгаа тул бид Үндэсний баяр наадмаар жуулчин хүлээн авна гэж тооцохгүй байна. Тиймээс ирэх есдүгээр сард болдог “Бүргэдийн баяр”-ын үеэр л жуулчин авна гэж бодож байна” гэж ярьж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангахаас гадна жуулчдаас халдвар тархаахгүйн тулд арга хэмжээ авч ажиллахаар бэлтгэж байгаа гэлээ. Дэлхий нийтэд нэгэн зэрэг аялал жуулчлалын салбараа нээж байгаа учраас ямар нэгэн халдвар авсан тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах гэхчлэн суралцах жил болох нь гэв. Жишээлбэл, гадаадын жуулчин тухайн улсдаа бүрэн тун вакцин хийлгэсэн бол хүлээн авах, ирээд 7 хоног тусгаарлагдсаны дараа тур оператороор үйлчлүүлэх гэх мэтээр зааж өгсөн байгаа аж.

Дотоодын нөхцөл байдал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн журмыг үндэслэн журмаа хийж байгаа.
Ковид19-ийн дараах шинэ хандлага
“Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээж авах боломжтой. Манай бүс нутагт буюу ОХУ, БНХАУ, Хонгконг, БНСУ-д жилд дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг 1.7 тэрбум жуулчны 0.2 хувийг л хүлээж авахад бид дээрх зорилтдоо хүрнэ” гэсэн том зорилт тавьж Засгийн газраас “Алсын хараа 2050” хөтөлбөрт хүртэл тусгаад байсан юм. Гэхдээ нүхэн жорлонгоо шийдэж чадаагүй бидэнд дээрх том зорилтоос илүү дэлхий нийтийн шинэ чиг хандлага туслах бололтой.
Цар тахал хүмүүсийн амьдрах хэв маягийг өөрчилсөнтэй адилаар аяллын маршрут ч мөн өөрчлөгдөж байгаа бололтой. Харин энэхүү тахлын дараах шинэ чиг хандлага нь манай улсад ашигтай хэмээн салбарын мэргэжилтнүүд ярилаа.

Дэлхийн улс орнууд хилээ нээхгүй байна. Гадаад харилцааны яамнаас ярьснаар 10 орчим газрыг нээгээд байгаа хэдий ч улс бүрийн дотоодын нөхцөл байдал амаргүй байгаа. Энэ нь аялагчдын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж байгаа юм. Манай улсад дотоодод халдварын тоо нэмэгдэж байгаа хэдий ч сайнаар нөлөөлөх зүйлүүд байна.
Нэгдүгээрт, вакцинжуулалт 90 орчим хувьд хүрч байгаа нь аюулгүй байдал талаасаа найдвартай гэсэн итгэл үнэмшлийг өгч байна. Хоёрдугаарт, Аялал жуулчлалын урсгал хаашаа явах вэ гэсэн асуултын хариулт байна. Дэлхийн аялал жуулчлалын судалгаа хийдэг байгууллагуудын гаргаснаар, Ковид19-ийн дараа жуучид хүн ам олноор суурьшаагүй , онгон дагшин байгальд очих сонирхолтой байгаа гэсэн судалгаа байгаа юм.

Монгол Улс аялал жуулчлалын салбараа сэргээж, хэвийн байдалд ороход 2024 оноос наашгүй байх. Гэхдээ хүмүүс хөл хорио, хязгаарлалтад удаан байсан тул хил нээнгүүт жуулчдын урсгал огцом ихсэх таамаг ч бий. Ингэвэл 2024 онд үнэхээр аяллын “тэсрэлт” болох магадлалтай юм.
“Аюулгүй аяллын удирдамж“
Цэнхэр гаригийн хэмжээнд аялал, жуулчлалын салбар 2020 онд ойролцоогоор 4.5 их наяд ам.долларын алдагдал хүлээж, 62 сая ажлын байр үгүй болжээ. Аялал, жуулчлалаас өндөр хамааралтай улс орнууд хилээ нээж, эдийн засгаа эргэн сэргээхээр зорьж байна. Европын холбоо цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэл багатай гэж тооцсон улс орнуудаас бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ. Тухайлбал, Испани улс энэ даваа гарагаас Их Британи, Японоос ирэх жуулчдыг хилээрээ нэвтрүүлэх бол АНУ болон бусад улсын жуулчдыг зургаадугаар сарын 7-ноос нэвтрүүлж эхлээд байгаа юм. Цар тахлын улмаас хамгийн эхэнд хумигдсан салбар бол аялал жуулчлал. Тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээж Ковид19-ийн нөлөөллөөс гарахад Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хамтран оролцох нь зүйтэй хэмээн улс орон бүр санал нэгдээд байна.
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс дэлхий нийтээр нийтлэг нэг журамтай болох санаачилга гаргасан нь Аюулгүй аяллын тэмдэг юм. 2019 онд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ий 10.3 хувийг бүрдүүлж 330 сая ажлын байраар хангадаг гэсэн судалгааг “Оксфорд экономикс байгууллага” гаргаж байжээ. Тэгвэл цар тахлын улмаас тус салбар өнгөрсөн онд ДНБ-ий 5.5 хувийг бүрдүүлдэг болж буурчээ.
Аюулгүй аяллын шошго удирдамжийг хэрэгжүүлснээр энэ тоонд буцаж хүрэх боломжийг хайж байна. Өөрөөр хэлбэл, Ковид19-ийн халдвартай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон аялал жуулчлалын салбарын аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмдэг юм. Уг салбарыг хурдан сэргээхэд чиглэсэн энэ тэмдгийг авснаар эрүүл ахуйн талаасаа Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн удирдамжийг хэрэгжүүлж нийцүүлсэн болохыг аялагчдад таниулах ажээ. Дэлхий нийтээр хэрэгжүүлж эхлэх аюулгүй аяллын тэмдэг, Монголд таатай шинэ чиг хандлага энэ салбарыг тийм хурдан сэргээхгүй бололтой. Учир нь олон улсын судалгааны байгууллага аялал жуулчлалын салбарыг 2024 оноос л хэвийн байдалдаа орно гэсэн дүгнэлт гаргасныг мартаж болохгүй юм.