Дэндүү цөөхөн монголчуудаас өчигдрийн байдлаар ковидоор найман хүн эндэж, нас барагсдын тоо 369-т хүрэв. 2263 тохиолдол бүртгэгдсэнээс хэд нь өнөөдрийн, маргааш, нөгөөдрийн мэдээгээр өнгөрсөн дуулдахыг хэлж мэдэхгүй нь. Амралтын нэг өдөр хамгийн их буюу 12 хүн бидний дундаас явжээ. Эхлээд баатар, дараа нь халдвар, одоо нас баралт бид тоолж байна. 12 биш, 8 биш, таваар тооцоход л сард 150 хүнээ бид алдах аюул заналхийлж байна. Жилд... бурхан минь, нүгэлт бодлыг минь өршөө.
Наадамлая гэв үү? Дэндүү цөөхөн бидэнд нэг хүний амь нас ямар үнэтэй вэ? Хэдэн хүний амь насаар та бүхэн наадам тэмдэглэхийг хүснэ вэ? Тэрбумаар тоологдох хүн амтай жишвэл гурав илүүхэн сая хүнтэй бидэнд энэ гарз дэндүү гаслантай тоо биш гэж үү?
Эргээд саная. 36 мянга 668.... Энэ бол тавдугаар сарын 1-ний байдлаар халдвар авсан нийт хүний тоо. 1306... Харин энэ тэр өдөрт халдвар илэрсэн хүний тоо. Нэг сар 14 хоногийн дараа биднээс 78374 хүн халдвар авчээ. Ганцхан сарын дотор халдвар авсан хүний тоо хоёр дахинаас илүү нэмэгджээ. Одоо бид халдвар авсан хүнээ биш нас барсан хүнээ тоолж байна. Ийм байтал тахил өргөх мэт наадам тэмдэглэх үү? Ардын хувьсгалын ялгуусан 100 жилээ, Ардын намын ялалтаа баталгаажуулсан 100 жилтэйгээ хамт хэдэн хүний амь өргөмөөр байна. Хэдэн хүүхэд өнчирч, хэдэн эцэг толгойгоо шааж, хэдэн эх галзуурч, хэдэн буурай үрээ үхэхийг үзэх ёстой вэ?
Эрүүл мэнд, амь нас, эдийн засаг, төсөв гээд амьдралын маань баталгаа хасах руугаа хэлбийчихсэн эл цагт 10 тэрбумаар наадамлах хэр оновчтой вэ? Хэдэн хүүхэд эндэх бол?
Өдрөөс өдөрт эрүүл мэндийн салбар сөхөрч, аргаа барахдаа сургуулийн эмч нарыг дайчлахаар болсон энэ өдрүүдэд сувилагчийг өдөр, шөнөгүй ажиллуулсны төлөө 20 мянган төгрөг олгодог хэр нь,
Өнөөдөр гэр бүлээрээ өвдөж байна. Нэг хүний эмийн зардалд дор хаяж 400 мянган төгрөг залцуулагдаж байна. Өрхөөрөө туссан гэр бүлүүдийн хэд нь энэ зардлыг өрхийн гишүүдийнхээ тоогоор гаргаж чадах бол...
Ковидоос гадна хавдар, зүрх судасны өвчлөл, осол, чихрийн шижин, цус харвалт гэсэн оноштойгоор чимээгүйхэн өөд болоочдыг бид өнөөдөр анзаарах ч сөхөөгүй явна.
Гэтэл Б.Болдсайхан эмч нарын баг сайн дураараа нэг ч гэсэн бяцхан зүрхийг цохилуулах хагалгаа хийлгэх гээд хөл хориотой аймгуудаар хөөгдөн, хөөрөлдөн явна.
Хэдэн аймгийн Засаг дарга Хэнтийн Ц.Идэрбат шиг наадмын бай шагналаа “Хязгаараас чинад...” багийн үзлэгээр яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд туслахад зориулъя гэж хэлсэн бэ?
Шадар сайд С.Амарсайхан “ Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэж хэлжээ.
Халдвар буурахгүй бол... Уг нь төсвийн тодотгол зайлшгүй хийх болсон энэ цагт илүү, дутуу зардал, чирэгдэл болохын оронд наадмаа өнжүүлэхээр болоод тэрхүү 10 тэрбум төгрөгөө эм авч чадахгүй иргэддээ, эсвэл энэ өвчнөө хумихад зарцуулбал яасан юм бэ?
Өрх бүр гэртээ наадмын хуушуураа хийж идээд наадамлахад боллоо. 100 жилийнхээ ойн медалиа мөнгөтэй, мөнгөгүй тарааж бишгүй л юм болсон. Хүүхдийн баяраа хориглосон хэр нь сонгуулиар бүгд л халдварын дэглэмээ бариагүй.
Одоо сонгууль дууссан. Тиймээс иргэдийн эсэргүүцэл гэлгүйгээр энэ удаад наадмаа өнжье. Хойшлуулаад ч хэрэггүй. Ганцхан жил өнжье. Харин наадамд зарцуулах мөнгөө арай хэрэгтэй зүйлд, тодруулбал ковидын эсрэг эм, эмчилгээнд зарцуулья. Одоо л Засгийн газар нүдээ аниад, чихээ бөглөөд намаа хойш тавиад, иргэдээ эхэнд тавиад энэ шийдвэрийг гаргаасай. Өмнөх жилийнх шиг клип хийлгэх гэж санаад ч хэрэггүй. Иргэдийнхээ амь насыг бодох цаг. Одоо улс төрийн хонжоо хайвал хожмын өдөр бид гашуудах нь гарцаагүй. Нэг ч гэсэн хүний амь нас аварч үзэцгээе.
Эрүүл байвал улсын наадам үзэж л таараа.