Цагаан хирсний тоо толгой жилээс жилд буурсаар байгаа тухай Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлж байна. Одоо байгальд ердөө 19 мянган цагаан хирс үлдээд байгааг тогтоожээ.

Мягмар гарагийн орой буюу 6-р сарын 8-ны орой Япон улс Тайванийн Леофоо Сафари амьтны хүрээлэнгээс 5 настай Эмма нэртэй цагаан хирсийг тээвэрлэн авчээ.    Эмма Тайванаас  Япон хүртэл 16 цаг орчим явсны дараа Сайтама дахь Тобу амьтны хүрээлэнд хүрчээ. Азид ховордоод буй цагаан хирсний тоо толгойг нэмэгдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч байгаа талаар Тобу амьтны хүрээлэнгээс мэдээллээ.

Эммаг  гуравдугаар сарын эхээр авах ёстой байсан ч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа хойшлуулсны дараа Японд хүргүүлж чаджээ.

Эмма жижигхэн биетэй дөлгөөхөн ааштай учраас Япон явах 23 хирснээс шууд сонгогдсон тухай Тайванийн амьтны хүрээлэнгээс мэдэгдлээ. Эмма хүрээлэн байгаа орчиндоо дасч эхэлсэн бөгөөд 10 настай хирс Морантай найзлах болсон аж.