Өнгөрсөн онд Доналд Трампын засаг захиргаа Катарын Доха хотод Афганистаны Талибуудтай энхийн хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн дагуу Талибууд Афганистаны нутаг дэвсгэрт Аль-Каеда, Исламын улс болон бусад жихадист бүлэглэлүүд халдлага, хүчирхийлэл үйлдэхээс сэргийлэх бөгөөд цаашлаад Афганистаны үндэсний Засгийн газар, армитайгаа энхийн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн.
АНУ, НАТО-ын холбоотнууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө цэргээ бүрэн эргүүлж татах үүрэгтэй гэж заажээ. АНУ-ын үе үеийн Засгийн газрууд Ойрхи Дорнод, исламын ертөнц дэх ардчилал, эрх чөлөө гэгчийн төлөө Америкийн татвар төлөгчдийн мөнгийг хэдэн их наядаар нь үрэн таран хийсэн гэж шүүмжилж байсан Трамп ийнхүү Афганистаны дуусдаггүй дайнд цэг тавих эхлэлийг тавив.
Трампын халааг авсан Жо Байден цэргээ эргүүлэн татах хугацааг ирэх есдүгээр сарын 11-нийг хүртэл сунгаж, хойшлуулсан. Афганистанд 20 жил үүрэг гүйцэтгэсэн америк цэргүүдийн сүүлчийн ээлж есдүгээр сарын 11- ний халдлагын 20 жилийн ойгоос өмнө тус улсыг орхих гэж байна. Цагаан Ордон нэгэнт шийдвэрээ гаргажээ.
Афганистан нь Пакистан, Иран, Туркменстан, Узбекстан, Тажикстан, Хятад улстай хиллэдэг уулархаг нутаг дэвсгэртэй улс. 32 сая хүн амынх нь олонхийг Паштун үндэстэн бүрдүүлэх агаад Тажик, Хазар, Узбек, Аймак, Туркмен, Балуч зэрэг олон үндэстэн, угсаатны бүлгүүдээс бүрдэнэ. Хүн амынх нь дийлэнх болох Паштунууд хөрш Пакистаны хүн амынх нь 15 хувийг бүрдүүлэх бөгөөд Талибан бүлэглэл тэдний дундаас төрөн гарчээ. 2001 онд Жорж Бушийн засаг захиргаа Афганистан дахь Талибуудын дэглэмийг түлхэн унагахаар цэргээ илгээж, бөмбөгдөж байсан бол 20 жилийн дараа Талибуудын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй энхийн гэрээ байгуулснаар дуусгавар болох нь. Үүнийг Афганистан дахь гадаад цэргүүдэд учрах аюул занал багассантай холбоотой гэж тайлбарлаж байна билээ.
Өнөөгийн Афганистаны нутаг дэвсгэр түүхэндээ олон эзэнт гүрэн, хүчирхэг улсуудад эзлэгдэж байв. Грек, Арабын Халифат, Монголын эзэнт гүрэн, Перс, Сикх, Их Британид эзлэгдэж, Зөвлөлтийн арми арван жил дайтаад 1989 онд гарсан. Өнгөрсөн 20 жилийг АНУ тэргүүтэй холбоотнуудын дайн гэж салгаж нэрлэдэг нь ийм учиртай. Афганистаны дайнд хамгийн их хүн хүчний хохирол амссан нь Америк, Британичууд. 2300 гаруй америк цэрэг, 450 гаруй британи цэрэг Афганистанд амь эрсдэж, 20 мянга гаруй америк цэрэг шархаджээ. Энэ тоо зөвхөн гадаад цэргүүдийн хохирол. Афганистаны арми, цагдаа, хүчний байгууллагууд 60 мянган хүнээ алджээ. АНУ-ын Засгийн газар дайны зардалд нэг их наяд ам.доллар зарцуулсан байна. Нидерланд улсын эдийн засагтай адил хэмжээний мөнгийг хийсгээд ямар үр дүнд хүрсэн бэ? Үнэндээ АНУ-ын Засгийн газар Талибуудыг Афганистаны үндэсний Засгийн газартайгаа хэл амаа ололцож чадна гэдэг итгэлээр дуусдаггүй дайнаа өндөрлөх гэж байна. Гэтэл Афганистанд хэн нь эзэн суух вэ гэдэг асуултад хэн ч итгэл төгс хариулж чаддаггүй. Талибууд 1996-2001 онд Афганистаныг Шария хуулиар удирдсан. 20 жилийн дараа тэдний дайчид нь зэвсгээ хураалгаж, энгийн амьдралд шилжих болов уу? Одоогийн байдлаар Афганистаны Засгийн газар болон Талибуудын хоорондын яриа хэлэлцээнд хоригдол суллахаас өөрөөр ахиц дэвшил гараагүй бөгөөд хэд хэдэн хотыг зэвсэгт дайчдад алдаад байна. Талибаны дэглэмийн үед хавчигдаж, гадуурхагдаж, алуулж байсан Хазар, Тажик болон бусад үндэстнүүд, угсаатнууд ч дотроо айдастай хэвээр.
Афганистаны дайны талаарх Холливүүдийн кинонуудад афган цэргүүд бол найдваргүй холбоотнууд бөгөөд аюул ирэх цагт зэвсгээ хаяад зугтаж мэднэ гэж дүрсэлдэг нь үнэнээс тийм ч хол зөрөхгүй.
Америк, Британичууд бүр мөсөн гараад явахаар Талибуудтай шууд нүүр тулах гэж буй Афганистаны арми сэтгэл зүй болоод зэр зэвсгийн хувьд хэр бэлтгэлтэй байна вэ? Бас л асуултын тэмдэг!
Хэдхэн жишээ дурдая. Өнгөрсөн онд Пентагоны 14 сая ам.долларын санхүүжилтээр Афганистаны армийн тээврийн хэрэгсэл, зэвсгийг хянах интернет сүлжээнд суурилсан систем бий болгожээ. Энэ системд 191 зэвсгийн агуулах холбогдсоны 78 нь огт ажиллаагүй. Учир нь, тэдгээр зэвсгийн агуулахуудад цахилгаан, интернэт сүлжээ огт байхгүй ажээ. Афганистаны нисэх хүчний 167 байлдааны онгоцны 136 нь ажиллагаатай. Механикч, засварчдын нөөц дутмаг учраас цаашид ч олон онгоц ашиглалтаас гарах эрсдэлтэй гэв. Онгоцны сайн механикч бэлтгэх гэж 7.5 жил зарцуулдаг аж. Афганистаны хуурай замын цэргийн нөхцөл байдал бүр хүнд ажээ. Учир нь, армийн хэрэгцээний хуягт машинуудын дөнгөж 20 хувийг засч хүчирдэг бололтой. Америк цэргийн стандартаар нөхцөл байдлыг үнэлэх юм бол Афганистаны арми Талибуудын эсрэг хэр тулалдахыг төсөөлөөд үзээрэй.
Тавдугаар сарын 8-нд нийслэл Кабул хотын Даште Барчи дүүргийн нэгэн сургуулийн гадна автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 85 хүн амь эрсдэж, 140 гаруй хүн шархаджээ. Амь эрсэдсэн хүмүүсийн дийлэнх нь 11-15 настай охид байв. Халдлагаас хойших хэд хоногт охидынхоо шарилыг өргөсөн Хазара эрчүүдийн гэрэл зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээд харуулж байв. Даште Барчи дүүргийн оршин суугчдын 95 хувь нь Монгол, Төв Ази гаралтай гэж ярьдаг Хазара нар бүрдүүлдэг ажээ. Хазарачууд исламын шашны шийт урсгалыг шүтдэг учраас Талибууд болон Исламын улс тэргүүтэй суннитын зэвсэгт бүлэглэлүүдийн харгислалын бай болсоор ирсэн. Талибаны дэглэмийн үед Пакистан, Иран руу олноороо дүрвэн зугтаж байсан тэд Америкчуудын ачаар амьдрал нөхцөл байдал нь арай дээрдсэн боловч дахиад л сэтгэл түгших болов. Зөвхөн Хазара ч биш, Америкчуудтай хамтарч, тусалж дэмжиж байсан олон афганчууд Талибуудын харгислал, өшөө авалтын бай болж болзошгүйг анхааруулсаар байна.