
Ираны дуучин болон түүний продакшны багийн дөрвөн гишүүн “цахим орчинд садар самуун, зүй бус агуулга бүтээж, нийтэлснээр олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн” хэргээр тус бүр 74 удаа ташуурдуулах ял авчээ. Мөн тэдний урлаг, хөгжмийн үйл ажиллагаа эрхлэх болон гадаадад зорчих эрхийг хоёр жилийн хугацаанд хассан талаар Ираны “Эмтедад” цахим хуудас даваа гарагт мэдээлэв.
“Эмтедад” сайтын мэдээлснээр, дуучин Парасту Ахмади болон бусад дөрвөн хүнд дээрх ялыг оноосныг өмгөөлөгч Мостафа Нили мэдэгдсэн байна.
Энэ хэрэг 2024 оны арванхоёрдугаар сард Ахмади Техраны өмнөд хэсэгт орших Кум хотод эрэгтэй хөгжимчдийн хамт байхдаа заавал өмсөх ёстой хижабгүйгээр дуулж буй бичлэгээ YouTube платформд нийтэлсний дараа үүссэн гэж Норвегид төвтэй “Хенгав” хүний эрхийн байгууллага мэдээлжээ.
Барууны орнуудын засгийн газар болон хүний эрхийн байгууллагууд ташуурдах ялыг эрүүдэн шүүлт, олон улсын эрх зүйн зөрчил гэж шүүмжилдэг. Харин Иран улс хүний эрхийн нөхцөл байдлын талаарх шүүмжлэлийг няцааж, Барууны орнууд өөрсдийнхөө хүний эрхийн асуудалд л анхаарах ёстой гэж мэдэгддэг.
2022 онд курд гаралтай Ираны иргэн Махса Амини хувцаслалтын дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр баривчлагдаж, цагдан хоригдож байхдаа амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Тухайн үед эмэгтэйчүүдийг хижаб өмсөхийг шаарддаг дүрэм олны анхаарлын төвд орж байв.