Сүүлийн жилүүдэд хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага болсон гар утас, компьютерийн санах ой, дахин цэнэглэдэг зай болон DVD, хүчтэй тогтмол соронзон, шинэ энергийн технологи, өвөрмөц хайлш зэрэг ухаалаг үйлдвэрлэл болоод өндөр технологид ашиглаж эхэлснээс эрэлт нь өсөөд байна.

Жишээлбэл, өнөөдрийн байдлаар дэлхийн таван тэрбум хүн гар утас ашиглаж байна. Мөн компьютерийн хэрэглээ ч жилээс жилд өсөөд байгаа. Түүнээс гадна цахилгаан болон гибрид-цахилгаан хөдөлгүүрт автомашинууд олноор үйлдвэрлэгдэж байна. Бидний сайн мэдэх цахилгаан хосолсон хөдөлгүүртэй машины батарейг үйлдвэрлэхэд нэлээдгүй хэмжээний лантаныг хэрэглэх жишээтэй. Технологи хөгжихийн хэрээр түүхий эдийн хэрэглээ өссөөр байна. Зэсийн эрэлт өсч байгаагаас дутахгүйгээр газрын ховор элементийнх ч нэмэгдсээр байна.

Монгол Улсын хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан хайгуул, судалгаа хийгдээгүй боловч Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоожээ. Одоогийн байдлаар Монгол оронд Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын төсвөөр болон аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөрөө газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тн ислийн нөөц тогтоосон.

Хэдийгээр нөөц тогтоогдсон боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэнд орсон орд газар огт байхгүй. ХБНГУ, Япон улсууд манай талтай газрын ховор элементийг ашиглах тухай хэлцлүүд өрнөж байсан удаатай. 2011 онд л гэхэд Германы Канцлер Ангела Меркэл манай улсад айлчлахдаа Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны гол зорилго нь газрын ховор элемент дээр төвлөрч байсан гэж үздэг. Энэ мэтчилэн нарийвчилсан судалгаа хийх, техник технологийг Монголд нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр яриа хэлэлцээ хийдэг ч яагаад эдийн засгийн эргэлтэд оруулахгүй өдийг хүрсэн бэ. Хууль эрх зүйгээс эхлээд олон хүчин зүйлээс хамаарч байгааг уул уурхайн салбарынхан хэлдэг.

Нэгдүгээрт, Монгол оронд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалтгүй.

Хоёрдугаарт, газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг.

Гуравдугаарт, газрын ховор элементийн олборлолтын болон технологийн салбарт туршлагатай боловсон хүчний хомсдол зэрэг нь нөлөөлж байна.

Хувь хүний лицензтэй талбай учраас ашиглалтад оруулахад бэрхшээлтэй

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн бидэнд нөөц нь байсан ч ашиглах технологи, хөрөнгө ч алга. Бүр боловсон хүчин буюу дээрх хэллэгээр бол “саальчин” ч ховор. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалт гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулахаар яваа хэдий ч дан ганц орд газраа тойрон олон жил хэлэлцсээр байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд зэс, нүүрсээ гаргахад тээврийн зардлын улмаас өрсөлдөх чадвар буурдаг бол дээрх элементийг кг болон граммаар тооцогдох үнэ цэнэтэй эд. Заавал төмөр зам, усан тээвэр гэхгүйгээр агаараар тээвэрлэж болох авсаархан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн байх юм. Наад зах нь Монгол Улс түүхий газрын тосоо дотооддоо боловсруулж шатахуун үйлдвэрлэж эхлэх үед церий, лантан хоёр гарцаагүй шаардлагатай болно гэж мэргэжлийн хүн хэлж байна.

Бид гадаадад Монгол Улс газрын ховор элементийн асар их баялагтай. ихээхэн нөөцтэй гэж ярьсаар ирсэн. Өнөөх л хорин жилийн өмнөх шиг алтан дээр сандайлсан гуйлгачнаараа дуудуулж гадаадын өндөр хөгжилтэй оронтой хамтарна хэмээн хүлээсээр суух уу. Судалгааны үр дүнгээ үндэслэн үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулж хөрөнгө оруулагчдад санал болгох уу.

Одоогоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны тавдугаар сарын 10-ны 16 дугаар тогтоолоор байгуулагджээ.

Төслийн нэгж нь Монгол оронд газрын ховор элементийн геологи хайгуул, ашиглалтын талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, геологи хайгуул, ашиглалт, боловсруулалтын технологийн талаар нарийвчилсан судалгаа, орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн зүгээс 2011 онд дээр дурдсан Германы талтай санамж бичигт гарын үсэг зурж байснаас хойш юу ч хийлгүй үе үеийн Уул уурхайн сайд нар гараа хумхин сууж иржээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос энэ талаар тодруулахад, Газрын ховор элементийн ордууд нь ихэвчлэн хувь хүний лицензтэй талбай учраас ашиглалтад оруулахад бэрхшээлтэй хэмээн хэлж байсан юм. Манай орны олон тооны эрдэсжилт бүхий хэтийн төлөв сайтай ховор металлын ордод дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хайгуулын болон ашиглалтын нийт 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Дээрх ордуудад эхний ээлжинд ашиглах хүдрийг гүйцэд нарийвчлан судалж нөөцийг бодитойгоор тооцоолж Засгийн газартаа худалдаж болох эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж судлаачид хэлж байна.

Зарим орнуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө олборлолт явуулах боломжгүй тохиолдолд эзэмшиж байгаа орд газрын тусгай зөвшөөрлийг Засгийн газартаа худалдах жишиг байдаг

хэмээн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийн зөвлөх А.Хаундас бичжээ.

Эзэмшиж байгаа орд газартаа гаргасан зардлаар эхний байдлаар төрд худалдах, хэрэв төр аваагүй тохиолдолд тэрхүү санал болгосон дүнгээр өөр хуулийн этгээдэд санал болгодог аж.

Дээрх ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үнэндээ алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш бөгөөд шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй гарна. Байгаль орчны асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ бэрхшээлтэй гэж яриад л байвал энэ салбар хэзээ ч хөгжихгүй. “Төр”- “хувийн хэвшил”-“судалгааны хүрээлэн” гэсэн гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх замаар энэ салбарын асуудлыг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Судлаачид бид хүдрээ баяжуулж, баяжмалаа боловсруулах технологийг гаргасан хэмээн ШУА-иас мэдээлсэн байсан. Судлаачид нь ажлаа хийгээд эхэлсэн гэсэн үг. Одоо харин Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг дээр онцгой анхаарч төрөөс газрын ховор элементийн салбарт тусгайлан баримтлах бодлогоо нарийн тодорхойлж, хувийн хэвшилтэй, судлаачидтайгаа хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй болж байгаа юм. Уг нь ч МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө 2.1-ийн “Хөгжилд хөтлөх мега төслүүд” хэсэгт “Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна” гэж заажээ.

Газрын ховор элементийн судалгааны төслөө 13 жил хэрэгжүүлж ажиллаж байна. Манай төсөл 21 аймагт хэрэгжих боломжтой. Бүх аймагт судалгаа хийчихсэн. Дэлхийд алдартай лабораториудын нэг болох Бугатын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид шинжлүүлсэн. Судалсан газруудаасаа нэг ордыг сонгож шинжлүүлэхэд л маш өндөр агуулгатай гараад байна. Европий гэдэг элемент гэхэд л найман кг 800 грамм гарах жишээний. Европийгийн хувьд дэлхийн зах зээл дээр металл үнээрээ нэг грамм нь 1350 ам.доллар байдаг. Металл гаралтыг нь хамгийн багаар нэг кг гэж тооцъё. Үржүүлээд бодохоор нэг сая 350 мянган ам.доллар гэсэн том тоо гарч байна. Хятадын Бугатын лабораториос гадна Япон гэх мэт өндөр хөгжилтэй улсуудын лабораторид ч шинжлүүлсэн. Газрын ховор элементийн дэлхийн нэг номерын орд Хятадад бий. Энэ орд 800 сая тонн хүдэр, 48 сая тонн оксидын нөөцтэй. Ордын үнэлгээ нь 18 их наяд ам.доллар. Ийм том орд Монгол Улсын хилээс ердөө 90-хэн км-т оршдог. Тэгэхээр тэнд байгаа тогтоц Монголд бий гэсэн үг. Тархацын хувьд жигд маягтай байгаа. Бүр Сэлэнгэд хүртэл байна.

АНУ-ын Геологийн судалгааны албаныхан 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ- ийн нөөц байна гэж тогтоосон байдаг. Үүний 48.5 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт дэлхийн бусад 30 орчим улс орнуудад ногдож байна гэж тодорхойлсон. Тодруулбал Хятадын Баян-Овоогийн Газрын ховор элемент- Ниобий-Төмрийн ордод дэлхийн ГХЭ-ийн нийт нөөцийн 40 гаруй нь хувь нь орших бөгөөд энэ ордын хүдэрт агуулагдах ГХЭ- ийн дундаж агуулга нь 6 хувь орчим гэсэн судалгаа байдаг.