Монголчуудын анхны сонгууль гэж хэлж болохуйц тусгаар тогтнолын төлөөх санал асуулга 1945 онд болоход 494 мянга 74 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа 100 хувь тусгаар тогтнолын төлөө өгчээ. Хүний амьдрал хойно 6791 хүн өвчтэй, зовлонтой, эзгүй шалтгаанаар оролцож чадаагүй аж. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ- ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдан буй.
Төр барих эрхээ төлөөлөгчөөрөө дамжуулан эдлэх болсон ардчилсан хувьсгалын ачаар хамгийн өндөр ирцтэй сонгууль 1993 онд болсон Ерөнхийлөгчийн сонгууль агаад нийт сонгогчдын 92.7 хувь нь саналаа өгчээ. Үнээс хойш сонгогчдын ирц тогтмол буурсаар 1997 онд 85.6 хувь, 2001 онд 83 хувь болж, 2017 онд бүр 60.6 хувь болсон байна. Ингэхдээ цагаан сонголт хийх хүртлээ улстөрчдөд хариу үйлдэл үзүүлдэг болж, түүнээс улбаалан орон нутгийн сонгуулиар ирц хүрэхгүй нийслэлд дахиж байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнгээр нийт санал өгсөн 1 207 787 иргэний 99 494 иргэн буюу 8.23 хувь нь санал огт тэмдэглээгүй буюу “цагаан” сонголтоор тоолуулж байжээ. “Цагаан” сонгууль буюу дугуйлалгүйгээр санал өгсөн оролцогчдын хувьд сошиал орчны идэвхтэй хэрэглэгчид байснаас үзвэл залуусын сонголт байв.
Ийнхүү бид төр барих эрхээ эдлэхээр унаж, бүдэрч, босч явна. Энэ хугацаанд нэгэн таатай зүйл бий болсон нь
30 жилийн өмнө залуу явсан өнөөгийн ахимаг насныхан сонгуульд идэвхтэй оролцдог, өөрсдөд нь чиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулагчдыг дэмждэг болжээ. Нийгэмд эзлэх насны бүлгээр тэд базаахгүй ч идэвхтэй байдал давуу нөхцөлийг бий болгож байна. Монголд хэн төр барьж, хэн сонгох эрхээ эдэлж байна вэ гэдгийн хариулт нь үүнтэй холбоотой.

Иргэдийг насны сигментээр нь ангилж, тэднийг сонгуульдаа идэвхтэй оролцоход анхаарлаа хандуулах ёстой СЕХ ажлаа дутуу, дулимаг гүйцэтгэдэг болохоор 2020 онд аль насныхан хэрхэн сонгуульд оролцсон бэ гэдэг мэдээлэл алга. СЕХ- ны хийх ёстой ажлыг судалгааны байгууллагууд хийж буй бөгөөд тэдний олж мэдсэнээр 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгдэж байжээ.
2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болжээ. Тэд 18-25 насны залуучуудын тал орчмыг буюу 46.7 хувийг эзэлсэн байна. Харамсалтай нь, тэд сонгуульд хойрго ханддаг төдийгүй, хоёр хүнээс нэг нь сонгуульд оролцжээ.
Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна. Энэ нь шинээр сонгууль өгөх эрхтэй болсон залуучуудын хувийн жингээс ч өндөр үзүүлэлт юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна. Тэгвэл өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны байдлаар Улсын хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ.
Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэнээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна. Монгол залуусын орон хэр нь тэд сонгуульд идэвхгүй оролцдог болохоор ахмад цөөнх ч гэлээ тэдний сонголтоор сонгуулийн дүн шийдэгдээд байгаа юм. Судалгаагаар 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцдог аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны 10 залуу тутмын гурав нь санал өгч байхад, 10 ахмад тутмын ес нь санал өгөөд байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ тоонд бага зэрэг өөрчлөлт орох нь тодорхой ч байр нь солигдохуйц өөрчлөлт орохгүй л болов уу.
Хөгжил сайтай гадаад орнуудад сонгуулийн ирц тийм өндөр байдаггүйг статистик мэдээллээр харж болно. Гэхдээ эдгээр орон нь голдуу хөгжингүй орнууд бөгөөд нийгэм, эдийн засгийн хувьд хүчтэй улсууд юм. Тиймээс ч иргэд нь улс төрийн оролцоо сул байдаг аж.
Харин манайд ахмадууд сонгууль хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй учраас эрх баригчид тэднийг ямагт анхаарч, халамжилж ирсэн нь үнэн. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэсэн бол одоо сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд зээл аваагүй ахмадуудын саналыг татахын тулд сая төгрөг тараахаа мартсангүй нь үүний жишээ. Мөнгөтэй нь дуугаа захиална гэгчээр ахмад настнууд маань сонгуульд идэвхтэй оролцохоо мэднэ. Харин залуус яах нь одоохондоо ойлгомжгүй байна. Тэд идэвхижлээ гээд 10 залуу тумын тав нь саналаа өгвөл том амжилт болно. Энэ тоо ес болбол өнөөгийн улстөрчдийн хэнийх нь ч тооцоолоогүй үр дүнг авчирч мэдэх юм.
Сонгуульд хэн нэрээ дэвшүүлэв гэдгээс илүү аль насныхан идэвхтэй оролцох вэ гэдэг чухал. Түүнд л таацуулж, нам эсвлүүд өөр өөрсдийн нэр дэвшигчээ тодруулдаг бөгөөд шинэ залуу үесийн төлөөллийг төдийлөн дэвшүүлэхгүйгээр шинэ юм хүлээгээд нэмэргүй болсон “өвөө” нараа улираан дэвшүүлээд байдаг нь учиртай. Танигдсан депутатыг нь нэр дэвшүүлэхээр ахмадууд дэмжих нь гарцаагүй гэсэн сэтгэл зүйн тоглолт давамгайлаад байгаа хэрэг.
Үүнтэй уялдуулан халамж, тэтгэмж, түүн лугаа эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээгээр нийгмээ сөхрүүлэх хөтөлбөрийг улстөрчид дэвшүүлж буй. Ажлын байранд анхаарлаа хандуулдаггүй хамгийн том хүчин зүйл нь тэнд ажиллах сонгогчид нь сонгуульд нэмэргүйтэй холбоотой.
Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй билээ. Хэрэвзээ залуус сонгуульд идэвхтэй оролцоод эхэлбэл тэд ирж яваа цагийн дууг түрэхээс өөр замгүй. Эсвэл ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах болно.
“Их хурлын сайд болоод ч сэтгэл чинь ханаж цадахгүй” гэж дуундаа хүртэл шүүмжилдэг шигээ төр барих эрхээрээ хүссэнээ дэмжих боломж залууст байна. Тэд дуугаа дуулаад дугуйлахаа дугуйлах цаг болсон мэт. Өөрчлөлт өөр хэнийх ч биш өөрсдийнх нь билээ.