"Зинт” ХХК-ийн захирал Т.Итгэл

Хүн төрөлхтөн бүхэлдээ Ковид-19 цар тахлын буулганд амьдарч, эдийн засаг хаа сайгүй агшиж буй нь хэн бүхэнд мэдрэгдэж байна. Эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтын өмнө улс орнууд тулгарч, дор бүрнээ өөр өөрийнхөөрөө асуудлыг шийдэх гарц хайсаар. Харин нэг л салбарт үйлдвэрлэл үргэлж эрчимтэй өссөөр, зах зээлээ тэлсээр байгаа юм.

Тэр бол эмийн үйлдвэрлэл. Гэхдээ энэ өсөлт зөвхөн коронавирусийн халдвар тархсанаас үүдэж бий болсон гэж дүгнэвэл өрөөсгөл болно. Цар тахлын өмнөх 20 жилд ч эмийн үйлдвэрлэл тогтмол өсч, жил тутам 8-10 хувиар өсч буй дүн мэдээ байдаг. 2019 оны байдлаар дэлхийн эмийн зах зээл 1.25 их наяд ам.долларт хүртлээ томорсон нь үүний илрэл билээ. Өөрөөр хэлбэл, энэ бол хүн төрөлхтөн эмийг бараг хоол шиг хэрэглэдэг болсныг илтгэх тоон үзүүлэлт юм. Гэвч эмийн хэрэглээ хоолны түвшинтэй зүйрлэх хэмжээнд өссөөр байгаа энэ үед эм болгон чанартай байдаг уу гэсэн асуултад Та хариулт хайгаад үзээрэй. Тун эмзэг үр дүн гарах болно. Тиймээс ч эм тойрсон эмзэг сэдвүүдийн зах зухаас хуваалцахыг зорилоо.

Энгийн юм шиг хэрнээ хариулахад тун түвэгтэй асуултыг уншигч Танд тавьсан учраас маш ерөнхий ч гол агуулгаа багтаасан хариултыг юун түрүүнд өгөх нь зүйтэй болов уу. Чанартай эм үйлдвэрлэл гэж эмийг судлан бүтээх, турших, үйлдвэрлэх, зөв сурталчилан шударга худалдах гэсэн хариуцлагатай, бас урт удаан хугацаа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан үйл ажиллагаа байдаг. Нэг шинэ эм бүтээхэд дунджаар 10-12 жил шаардагдаж, эмийн компаниуд орлогынхоо 20 хувийг үүнд зарцуулдаг гэхээр ямархуу өндөр өртөгтэй, цаг хугацаа “барсан” ажил болох нь ойлгогдох биз ээ. Ийм их эрсдэл, өртөг, хариуцлагын дараа л чанартай эм бий болдог учраас энэ хугацаа, хөрөнгө мөнгийг “товчлох” гэсэн чанар муутай эм ч зах зээлд нийлүүлэгдсээр байдаг. Эндээс л чанартай эм, чанаргүй эм гэсэн ойлголтын тухай энгийн хариулт гарч ирж байна.

Дэлхий дээр хэрэглэж буй нийт эмийн 90 гаруй хувь нь өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгдэж байна. Энэ бол маш чухал тоо. Учир нь эмийн чанар, түүний үр дүн нь өндөр технологи, судалгаа, хяналт, зах зээлийн зөв сурталчилгаа, шударга борлуулалт гэсэн нарийн механизм бүрдсэн тогтолцоог шаарддаг. Тэр ч утгаараа эм үйлдвэрлэгч улс орны хөгжлийн түвшин эмийн чанарт шууд нөлөөтэй. Нэг ёсондоо өндөр чанартай эмийг тэр бүр улс орнууд бүтээчихэж чаддаггүй гэсэн үг. Эмийн том компаниудын дийлэнх нь АНУ-д байна. Pfizer, Johnson & Johnson, Merck & Co гээд нэрлэж болно. Харин АНУ-ын дараагаар Европын улс орнуудын Novar- tis, Roche, GlaxoSmithKline болон Sanofi зэрэг нэр хүнд бүхий компаниуд ордог.

Зах зээл нь 1.25 их наяд ам.доллароор хэмжигдэж буй энэ том “бялуу”-наас хүртэхийн тулд өрсөлдөөн ч улс орнуудын дунд ширүүн өрнөсөөр ирсэн. Азийн орнуудаас Япон, Солонгос, ялангуяа БНХАУ сүүлийн жилүүдэд өрсөлдөөнд эрчимтэй орж ирж буй ч ерөнхий хандлагаа харвал нэг хэсэгтээ АНУ, Европын компаниуд энэ салбарт тэргүүлэгч хэвээр байх нь эргэлзээгүй байна.

Гэвч дэлхийн бүх эмийг хөгжилтэй орнуудад, өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд бүтээж байна уу гэвэл үгүй. Хөгжиж буй орнууд ч дотооддоо эм үйлдвэрлэж, эмийн хүртээмжийг дээшлүүлэхээр зорьж ирсэн. Энэ зорилгыг ч хүн амын эрүүл мэндийг сайжруулах нэг боломж гэж ДЭМБ олон жил үзсээр байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн сөрөг үр дагавар болох эмийн чанар, хуурамч эмийн асуудал, шударга бус сурталчилгаа, борлуулалт хурцаар тавигдах болсон. Иймд ДЭМБ технологи шилжүүлэх санаачлагыг гаргасан байдаг. Үүнд эм үйлдвэрлэх, савлах, GMP нэвтрүүлэх зэрэг орно. Одоогоор Хятад, Энэтхэг, Мексикт технологи шилжүүлэлт төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, тэнд өндөр хөгжилтэй орны технологиор эм үйлдвэрлэнэ гэсэн үг. Яг л бид Оксфордын их сургууль, АstraZeneca-ийн боловсруулсан Ковид19-ийн вакциныг Энэтхэгийн үйлдвэрээс авч байгааг энд хэлж байгаа юм.

Эмийн хүртээмж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгын хүрээнд хийгдэж буй энэ бүх ажилтай зэрэгцэн нэр хүндтэй брэнд эмийг ч чанаргүй, хуурамчаар эсвэл дуурайлган үйлдвэрлэх, худалдаалах бизнес газар авах болсон нь энэ салбарт, цаашлаад хүн төрөлхтөнд том эрсдэл дагуулах болов.

Дэлхий нийтийн туулж буй энэ эрсдэл Монгол Улсыг ч тойроогүй гэдгийг энд зориуд тодотгоё. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэхээс өмнө бидний эмийн хэрэглээ ямар түвшинд байгааг тодруулах нь зөв болов уу. Манайд худалдаалагдаж, хэрэглэж буй эмийн дийлэнх буюу 70 орчим хувийг хөгжиж буй орнуудын эм эзэлж байна.

Монгол Улсад 2019 оны байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн нийт 59 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байв. Үүнээс эмийн 24, тарилгын шингэний 4, биологийн идэвхит бүтээгдэхүүний 8, мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн 3 үйлдвэр байна. Харин тусгай зөвшөөрөлтэй нийт 357 эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулснаас 239 нь эм ханган нийлүүлэх, 91 нь биологийн идэвхит бүтээгдэхүүн, 7 нь эмийн түүхий эд, 6 нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм ханган нийлүүлэх чиглэлээр ажиллажээ. 2019 онд нийт 2015 эмийн сан үйл ажиллагаа явуулснаас нийслэлд 64.5 хувь нь байгаа юм. Өөрөөр хэлбэл, 3.3 сая гаруйхан хүн амтай манай улс эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн тоогоороо дэлхийд дээгүүр орох болсныг дээрх тоо гэрчилдэг. Энэ нь хэдийгээр зах зээлийн эрэлт хэрэгцээ байж болох ч үүнд дүгнэлт хийж чанартай, чанаргүй эм, хуурамч эмийн судалгааг нарийвчлан хийх, зөв сурталчилгаа, шударга борлуулалт хийж байгаа эсэхэд байнгын хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх нь юу юунаас чухал болоод байгааг харуулж байгаа юм. Үүнийг зохицуулахаар саяхан Эм, эмнэлгийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсан нь нэн талархууштай.

Борлуулалтаар нь авч үзвэл 2019 онд эх орны үйлдвэрийн эм нь дотоодын зах зээлийн 10.1 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. Бид цаашдаа ч эмийнхээ дийлэнхийг импортоор авсаар байх нь ойлгомжтой, гол нь өндөр хөгжсөн орны чанартай эм байх ёстой.

BNF (British National Formulary) нь Их Британий эмийн үндэсний лавлах бөгөөд зөвхөн үр дүнтэй, аюулгүй нь нотлогдсон эм, бэлдмэлүүдийг жил бүр шинэчлэн нийтэлдэг хатуу зарчимтай. ДЭМБ 2013 онд “BNF нь эмийн хэрэглээний дэлхий нийтээр мөрдөх стандарт. Өвчтөнд ямар нэг эмийг хэрэглэхдээ BNF-ыг баримтлах нь хамгийн сайн эмчилгээ болно” гэж тодорхойлсон тул өндөр хөгжсөн орнууд эмийн лавлахаа болгон мөрддөг. Манайх ч мөн ийм зарчим баримтлах нь зөв.

Ер нь чанартай эмийг эх орондоо нутагшуулахад хэрэглэгч буюу иргэд ч маш чухал үүрэгтэй. Ингэж байж аливаа өвчин эмгэгийг бусдын адил үр дүнтэй, төгс эмчлэх нөхцөл бүрдэнэ.

Жишээ нь BNF-ийн ханиалга намдаах эмийн бүлэгт бүх насны хүүхэд, насанд хүрэгсэдэд зориулсан ердөө ганц л эм байдаг нь Симпл линктус/Simple linctus эм юм. Энэхүү эмийг Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн саяхан импортлон оруулж ирлээ. Одоо үүнийгээ өөрсдийн зах зээлд зөв таниулах, чанартай, үр дүнтэй гэдгийг ойлгуулж нутагшуулах ажил хийж байна. Үүнд манай иргэдийн зөв ойлголт, хандлага чухал. Иргэд аливаа эмийг худалдаж авахдаа үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэрийг юун түрүүнд харах нь чанарын баталгаа болдог гэдгийг тогтоож авах нь чухал.

Хэдийгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зар сурталчилгааны хуулиар эмийн салбар дахь зар сурталчилгааг зохицуулсан байдаг ч хуулийн хэрэгжилт, хяналт хангалтгүй хэвээр байна. Хууль бус сурталчилгаанд иргэд төдийгүй эмч нар ч маш болгоомжтой хандах нь зүйтэй.

Эмч, эмзүйч нар эмийн шударга бус сурталчилгаа, борлуулалтын сүлжээнд орж, эмийн компаниуд тэдэнд мөнгө, урамшуулал амласнаар чанартай сайныг нь бус тухайн компаний эм, бүтээгдэхүүнийг дөвийлгөн сурталчлах, борлуулах болдог. Эмч нь жорын маягт дээр бичээд мөнгө авдаг, эмзүйч нь борлуулсанаараа урамшуулал авдаг

гаж тогтолцоо хэдийнэ бүрдсэн. Ингэж “авлигын шинж чанартай” эм борлуулалт тогтоод удаж байна. Бүр гайхалтай нь шаардлагагүй эмийг борлуулах арга, антибиотик авахад дагалдуулаад мөөгөнцөрийн эм шахах нь шударга борлуулалт огтоос биш. Энэ нь “компани, борлуулагч нарт ашигтай” ч иргэдээ хохироодог. Эмийн ийм шударга бус борлуулалтын сүлжээг халах цаг нь болжээ.

Дэлхий дээр АНУ, Шинэ Зеланд гэсэн хоёр оронд л жороор олгодог эмийг нийтэд сурталчилахыг зөвшөөрсөн байдаг. Бусад бүх оронд, тэр дотроо манайд зөвхөн жоргүй олгодог эм сурталчилахыг зөвшөөрдөг.

Манайд эмийн сурталчилгаа тодорхой хуулиар зохицуулагдах ёстой ч буруу сурталчилгаа буюу бүтээгдэхүүнийг хэт магтаж хийсвэр дөвийлгөх, хүний сэтгэлийг нь хөндсөн илт худал, ид шидтэй мэт, “тархи угаасан” үг хэллэг сонгож хэрэглэх, хэрэглээг хийсвэрээр нэмэгдүүлэхийн тулд тунг өндрөөр хэрэглүүлэх, шаардлагагүй тохиолдолд хэрэглэх ёстой гэж худал сурталчлах зэрэг хууль дүрэм журмаа зөрчсөн олон тохиолдлууд байдаг.

Өнөөдрийн байдлаар эмийн үйлдвэрлэлд женерик (оргиналь эмийн тун, үйлчлэх бодис, үйлдэл зэргийг дуурайлган хийсэн) эмийн өрсөлдөөн хүчтэй өрнөж байна. Жишээл нь, ацетаминофен буюу парацетамолыг анх 1950 онд Америкт Тайленол худалдааны нэршлээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ бол оргиналь эм юм. Үүний дараа дэлхий даяар түүний женерикийг үйлдвэрлэн өрсөлдөж байна. Хэдийгээр женерик эмнүүд нь үнийн хувьд хэд дахин хямд ч зарим тохиолдолд чанарын асуудал хурцаар яригддаг.

1992 онд ДЭМБ анх удаа хуурамч эмийн асуудлаар олон улсын хурал зохион байгуулж анхаарлаа хандуулснаас хойш 30 жил болжээ. 2017 онд хуурамч эмийн тодорхойлолтыг шинэчлэн баталж стандартын шаардлага хангаагүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамчаар үйлдсэн эмийг хэлнэ гэжээ. Дэлхий дээр зарагдаж буй нийт эмийн 10 хувь нь хуурамч (Berkrot B, 2014) бол Ази, Африк, Латин Америкт энэ тоо 30 хувь гэдгийг ДЭМБ тооцоолжээ (United Na- tions Office on Drugs and Crime, 2014).

БНХАУ-д хамгийн их хуурамч эм үйлдвэрлэж байна (Erwin A. B, Joseph P. F, 2014). Хуурамч эмнүүд нь үр дүнгүй төдийгүй хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулж болзошгүй тул ард иргэдэд байнга сэрэмжлүүлэг хүргэх, чанартай оргиналь эмийн хүртээмжийг сайжруулах, хуурамч эм, хууль бусаар эм наймаалагчдад оногдуулах ял шийтгэлийг чангаруулах хэрэгтэй. Хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх нь хуурамч эмтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Хуурамч эмийн заавар хүн бүрт тохироно гэсэн байх (учир нь бүх хүнд таардаг, 100%-ийн үр дүнтэй эмийн бэлдмэл гэж байдаггүй) орц найрлага байхгүй, дашрамын нөлөөний мэдээлэл агуулаагүй байдгийг хүн бүр мэддэг байх хэрэгтэй.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал нь эмийн үйлдвэрлэлд ч нөлөө үзүүлж байна. Архаг өвчтэй хүмүүст айдас, сандралд орон байнга уудаг эмээ, эсвэл Ковид19 өвчний үед хэрэглэж буй эмнүүдийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлж буйгаас зарим эмийн хомсдол үүсэх, эмийн томоохон үйлдвэрүүд вакцин үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж зарим эмнийхээ үйлдвэрлэлийг багасгах, цахим эмийн сан, хүргэлтийн үйлчилгээг эмийн санд очихоос илүүд үзэх зэрэг үзэгдэл хаа сайгүй ажиглагдаж байна. Иймд иргэд эмийн сонголтоо хийхдээ онцгой анхаарах чухал боллоо. Эм нь нэгэнт өвчин эмгэгтэй хүний хэрэглээ учраас зөвхөн чанартайг хэрэглэх, чанартайг үйлдвэрлэж, чанартайг нь импортлох, түүнийгээ зөв сурталчлан зах зээлийн өрсөлдөөнд шударга зарчмаар борлуулах ёстой онцгой бүтээгдэхүүн юм.