Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.

Тус сумын шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг  тэжээж  байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн "Миша" гэж нэрлэжээ. Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй бөгөөд өдөрт 1 литр сүү  ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь нэг сарын дараа байгальд тавихаар төлөвлөсөн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.