Сүүлийн жилүүдэд дэлхий даяар глобалчлал эрчимтэй явагдсаны үр дүнд олон улсын эдийн засгийн харилцаа илүү нээлттэй болж, улс орнууд хоорондоо хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн. Манай улсын хувьд 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан нь Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нөхцлийг бүрдүүлсэн. 1995-1996 онуудад жилд дунджаар 30-40 сая ам долларын хөрөнгө оруулалт бүртгэгддэг байсан 2008 оноос эхлэн манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, тухайн онд  гадны хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд манай улс орсон.

2008 онд Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан. Шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь их биш ч хөрөнгө оруулагчид сонирхож байсан. Тухайн үед төрөөс хэд, хэдэн шийдвэр гарсны улмаас Монгол Улсын тогтворгүй байдал гэх нэр олон улсын хөрөнгө оруулагч нарын дунд бий болж, манай улс жагсаалтад удаалах болсон.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой байдаг. У  ул уурхайн салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээдгүй олон янзаар судалсан. Гол нь улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

Урт нэртэй хуулиас эхлээд Гадаадын шууд хөрөнгө оруулагчид манай улсаас гарах олон шалтгааныг бид өөрсдөө бий болгосон гэж салбарынхан шүүмжилж байна. Угтаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн салбар бүрт тодорхой хувь нэмрээ оруулж, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал байр суурийг эзэлдэг нь тоон үзүүлэлтээс харагдаж байна. Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг харвал, харвал 2009 онд 800 сая ам доллар байсан нь өссөөр 2011 онд оргил үе буюу 5.7 тэрбум ам долларт хүрсэн байна. гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү дээд хэмжээндээ хүрсэн 2011 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувь буюу мөн л түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн юм. ДНБ-ий энэ өсөлт бууралт нь уул уурхайн салбарын өсөлт хөгжлөөс шууд хамаарч, энэ салбараас олсон орлого нь эдийн засгийг тэтгэх суурь болсоор ирсэн. Уул уурхайн салбарын монгол улсын ДНБ-д эзлэх хувь нь 2011-2020 оны хооронд 21.7 хувь юм.

Уур уурхайн салбарт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт нь 2015 оны Оюутолгойн далд уурхайн санхүүжилт байлаа. Таван толгой дээр урт хугацааны дараа хөрөнгө оруулалтын бонд босгож байна. Уг нь дээр үед хайгуулд их хөрөнгө оруулдаг, гадаад, дотоодын олон байгууллага ирж, сонирхдог байлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тэргүүлэх таван салбарыг харвал:

Монгол Улсад 2010-2020 ОНД 5 058 гадаадын хөрөнгө оруулалттай ААН 26 тэрбум ам долларын ГШХО хийжээ

2011-2020 оны хооронд Монгол улсад хийгдэж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунджаар 73.4 орчим хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байна. Зөвхөн Оюутолгой төсөлд л гэхэд 2010 оноос хойш 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ ч утгаараа 2010-2020 онд Монгол улсад хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтаараа Канад улс тэргүүлж байгаа юм. Харин БНХАУ, Нидерланд, Люксембург, Сингапур улс удаалж байна.

Хөрөнгө оруулалтын 58-60 хувь нь гадаадынх байна. Үүнээс гаднын хөрөнгөөр эдийн засгаа тэлж байгаа нь харагдаж байна. 2012 онд нийт хөрөнгө оруулалтын 68 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт байсан бол дараа жилээс нь 27, 28 хувь болж багассан байна. тэгэхээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжоо алдсан байна.

Монголбанкны тайлангаас харахад Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2019 онд 3.1 тэрбум ам доллар байсан бол өнгөрсөн онд 2.5 тэрбум ам доллар болж 22.8 хувиар буурчээ. Цар тахлын нөлөөгөөр нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтад уул уурхайн салбарын эзлэх хувьд ч өөрчлөлт оруулжээ. 2020 оны эхний улиралд 78.4 хувь байсан бол 2020 оны 3-р улиралд 62.1 хувь болж буурчээ. Энэ нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт саатсан 2016 оны хоёрдугаар улирлаас хойш хөрөнгө оруулалтын бүтцэд гарч байгаа хамгийн том өөрчлөлт болсон юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020 онд 2,5 тэрбум доллар гарчээ. Үүний 70 хувийг уул уурхай геологийн салбар эзэлж байна. Тэр тусмаа Оюутолгойн төсөл дийлэнх хувийг эзэлж байна. 2019 онд 3,1 тэрбум доллар байжээ. Энэ жилийн хувь эдийн засгийн өсөлт 4,7-7 хувь гэж харж байх шиг байна. Үүнийг дагаад өсөлттэй байх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Уул уурхай эрдэс баялгийн салбар улсын нэгдсэн төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлдэг манай эдийн засгийн зүтгүүр тулгуур салбар. Энэ ч утгаараа ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй. Аливаа баялаг тодорхой үе шатуудыг дамждаг. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гарган авч үр өгөөжийг хүртэхийн тулд хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт хуваарилалт гэх зэрэг олон шат дамжлагатай. Иймээс ч уул уурхайгаас ирэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд одооноос хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь чухал байна.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нийт тоо 2601 байгаагаас ашиглалтын 1701, хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байна.

Манай улс 2018 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор журамласан. Энэ ч хүрээнд тусгай зөвшөөрлийн тоо буурчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог харвал 2017 оны гуравдугаар сард 1745 байсан бол 2018 онд 1405, 2019 он мөн үед 1126, 2020 онд 900 болж буурчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож эхэлснээс хойш жилдээ шинээр 100 хүрэхгүй лиценз олгож байгаа бол цар тахалтай холбоотойгоор сүүлийн нэг жил тусгай зөвшөөрлийн тоо 900 дээрээ гацжээ. Угтаа хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 20, 30 жилээр түрүүлж явах учиртай. Манай улс байгаагаа ашиглахаас, илүүг эрэн хайх нь хоцрогдож эхэлснийг тоон үзүүлэлт харуулж байна. Тиймээс ч ирэх 6 сардаа багтаж хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулахаар салбарын яам ажиллаж байгааг сайд нь хэлж байна.

Тавдугаар сард тонн зэсийн үнэ 10 мянган доллар давлаа

Хөрөнгө оруулалт гадаадын шууд хөрөнгө оруулалт улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна иргэдээ ажилтай орлоготой болгох, ур чадварыг нь хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, шинэ технологийг нутагшуулах гээд олон давуу талыг бий болгодог. Тухайлбал 2020 онд Гадаадын хөрөнгө оруулалттай 2148 ААН-д нийт 54 мянган хүн ажиллаж байна. ажилчдын цалингийн сан 1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бол 1 ажилтанд олгож байгаа сарын дундаж цалин 1 539 096 төгрөг байгаа нь монгол улсын дундаж цалингаас 248 мянган төгрөгөөр илүү байна. тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нь мөнгөн хэлбэрээс гадна ажлын байр бий болгох, цалингийн өсөлт, хөдөлмөрийн нөхцөл сайжрах үндэс  ч болж байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоог харвал 2018 онд 486, 2019 онд 433 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 79 болж буурчээ. Улс төрийн тогтворгүй байдал, хууль эрхзүй, татварын таагүй орчин, төрийн хүнд суртал их, хууль тогтоомжийн хэрэгжилт муу зэрэг хөрөнгө оруулагчид халтай зүйл манай улсад их. Дээр нь орон нутаг гэх вант улс хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болдгийг өөрчлөх хэрэгтэйг салбарынхан хэлж байна. Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн жилээс хөрөнгө оруулалт хумигдсан хэдий ч энэ оноос эхэлж байгаа эдийн засгийн сэргэлт нь гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарах юм.