
Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд ердөө 21 хоног үлдлээ. АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдах тэмцээнд 48 баг оролцох юм. 26 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-ний өдөр “А” хэсгийн Мексик -Өмнөд Африкийн тоглолтоор эхэлнэ.
1930 оноос анх зохиогдож эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий зурагт хуудсын танилцуулгыг хүргэе.

“Уругвай-1930”: 1930 онд Уругвайд болсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд талбайн эзэд түрүүлж, Аргентиний шигшээ баг мөнгөн медаль хүртэж байжээ. 11 тоглогчтой Уругвайд очсон АНУ-ын шигшээ баг хүрэл медаль хүртэж байсан байна. Энэ дэлхийн аваргын тоглолтоос анхны гоол, анхны олон гоолын зөрүүтэй тоглолт, анхны улаан хуудас зэрэг түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлууд бичигджээ. 13 баг оролцсон анхны ДАШТ-д 18 тоглолт гарсан байна.

“Итали-1934”: II удаагийн ДАШТ Италид болж талбайн эзэд анхны цомоо хүртэж байв. Энэ тэмцээн ердөө хоёр долоо хоног буюу тавдугаар сарын 27-оос зургаадугаар сарын 10-ны хооронд болж байжээ. Италийн шигшээ баг эхний тоглолтод АНУ-ын багийг 7-1-ээр хожиж байсан нь хамгийн олон гоол орсон тоглолт болсон байна. Зохион байгуулагч италичууд финалын тоглолтод Чехословакийн багтай тоглохдоо долоо хоногийн турш амарсан зэрэг сонирхолтой баримт үлджээ. Энэ тэмцээнээс эхлэн хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийж Германы шигшээ баг Австрийн багийг 3-2-оор хожиж ДАШТ-ий анхны медалиа авч байсан байна.

Франц-1938: III удаагийн ДАШТ Францад болсон ч зохион байгуулагчид тэмцээний шөвгийн наймд Италид хожигдон медалийн төлөө өрсөлдөх боломжгүй болжээ. Италийн баг цааш Бразил, Унгарын багийг хожиж хоёр дахь удаагаа цомын эзнээр тодорч байв. Бразилийн шигшээ баг Шведийг 4-2-оор хожин хүрэл медалийн эзэд болсон байна.

Бразил-1950: IV удаагийн ДАШТ Бразил улсад болсон ч талбайн эзэд мөнгөн медаль хүртэж байв. Энэ тэмцээнд анхны дэлхийн аварга уругвайчүүд түрүүлж хошой аварга болж байжээ. Сонирхолтой хагас шигшээд үлдсэн дөрвөн баг тойргоор тоглосноос хоёр хожиж, нэг тэнцээ хийсэн Уругвайн шигшээ баг түрүүлж байв. Мөн удаах байрт Бразил, Швед орж, Испанийн шигшээ баг нэг ч хожил авч чадалгүй дөрөвдүгээр байрт орж байжээ. ДАШТ-ий мэргэн буучийн шагналыг Бразилын тоглогч Аремир авсан байна. Тэрээр нийт зургаан тоглолтод 9 гоол хийж байжээ. Нийт 34 баг оролцох байсан ч 9 нь оролцохоос татгалзаж байжээ. Азийн орнуудаас Энэтхэгийн баг сорилго тэмцээнд оролцох байсан ч тоглоогүй байна.

Швейцар-1954: V удаагийн ДАШТ-д Баруун Германы баг түрүүлж, Унгарын шигшээ баг мөнгөн медаль хүртэж байв. Сонирхолтой нь хоёр баг нэг хэсэгт багтахад Унгарын шигшээ баг 8-3-аар хожиж байсан ч финалын тоглолтод дахин таарахад германчууд хариуг нь чангахан өгчээ. Альпийн нуруунд болсон энэ тэмцээн Баруун Герман, Унгарын тоглолтын дуулианаар өндөрлөсөн. Тэмцээний хүрэл медалийг Австрийн баг хүртсэн бол Уругвайн шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Энэ ДАШТ-д БНСУ-ын баг оролцсон ч хоёр тоглолт хийхдээ Унгар, Туркийн багуудад хожигдож байсан байна. Энэ үзүүлэлтээрээ солонгосчууд хамгийн сүүлд буюу 16-р байрт жагсаж байжээ.

Швед-1958: Хөлбөмбөгийн ДАШТ анх удаагаа Европ тивийн Скандинавын хойгт зохиогдлоо. 6 дахь удаагийн ДАШТ-д 16 баг өрсөлдсөнөөс Бразил улсын шигшээ баг түрүүлж, зохион байгуулагч шведчүүд мөнгөн медаль хүртсэн. Энэ финалын тоглолт 6-3-аар өндөрлөж байжээ. Харин Франц хүрэл медалийн төлөөх тоглолтод Баруун Германыг 6-3-аар хожиж дэлхийн медалийн цуглуулгаа нэмж байв. Энэ ДАШТ-д Ази болон Африк тивийн төлөөлөл оролцоогүй. Харин Их Британий харъяа Уэльс, Умард Ирландын шигшээ багууд болон хуучин ЗХУ буюу одоогийн Оросын шигшээ багууд анх удаагаа оролцсон. Эндээс ЗХУ-ын баг хэсгийн шатанд Английг хожин хасагдах шатанд шалгарч байжээ. Мөн энэ тэмцээнээс алдарт Пеле 17 насандаа анхны аваргын цомоо өргөж байсан түүхтэй.