УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагуудаас дараах асуултад хариулт авлаа.

Т.Аубакир: -500 гаруй км урсдаг Ховд голын 400 гаруй км буюу 80 гаруй хувь нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээр урсаж өнгөрдөг. Гэтэл захиргаа нь яагаад Ховд аймагт байдаг юм бэ. Ажлын байрны асуудал байдаг байх. Гэхдээ үүний цаана өөр нэг юм яваад байгаа шүү.

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар: -Ховд голын ихэнх хэсэг нь, бүр эх нь Баян-Өлгий аймагт байгаа нь үнэн. Гэхдээ сав газрын захиргааны хил хязгаарыг тогтоохдоо усны салбарын гадаргын болон газрын доорх усны эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын хүрээнд Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцэж тогтоодог юм. Үүний дагуу Ховд голын хил хязгаарыг тогтоосон. Ус ашиглалтын ихэнх хэрэглээ нь Ховд аймагт байдаг онцлогтой.