УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд байсан юм. Харин чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.
Уг хуулийн төслийн агуулга нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх камерын хяналтын системтэй болох явдал юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр манай улсын зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 6000 орчим камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. Бас 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй. Цаашид хилийн боомтоос эхлээд зам, гудамж талбайд 60 гаруй мянган камер суурилуулбал камерын хяналтын системд бүрэн шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Энэ бүхнийг хийхэд 300 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандартын дагуу суурьлуулъя. Ашиглалтын зардлыг нь мөн торгуулийн орлогоос орон нутагт нь олгоё гэж байгаа юм. Камерын хяналтын системтэй болсоноор гэмт хэргийн гаралт буурна гэсэн судалгаа бий" гэсэн юм.