Хаврын улирал Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн хувьд хамгийн чухал үе. Учир нь жилийн энэ үед тэд төгсөлтийн болон элсэлтийн шалгалтдаа зэхэж, хонхны баярын бэлтгэлээ базаагаад тун завгүй байдаг. Гэхдээ энэ жилийн хавар өмнөх олон удаагийнхаас онцлогтой өнгөрлөө. Учир нь цар тахал, хөл хорионы улмаас хонхны баяр, төгсөлтийн шалгалтын аль нь зохион байгуулагдахгүй юм. Харин хоёр жилийн турш зайнаас хичээллэсэн сурагчид элсэлтийн шалгалт өгч, их, дээд сургуулийн босго давна.
Энэ жил улсын хэмжээнд 40420 сурагч ЭЕШ өгнө
ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд 15-19 насны нийт 40420 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
Эдгээр сурагчдыг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болсон бөгөөд шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас даалгасан байна. Мөн их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэжээ. Товчхондоо, төгсөгчдөд их сургуульд орох боломжийг нь хангаж, босгыг нь намсгаж буй юм. Гэхдээ их сургуульд элсэгчдийн чанарын асуудал орхигдлоо.
ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна
Үндсэндээ хоёр жил танхимаар хичээллээгүй сурагчид 12 жил хичээл судалсантай дүйцэх агуулга бүхий шалгалт өгч их сургуульд орох уу, 10 дугаар ангийн мэдлэг, мэдээлэлтэйгээ оюутан болох уу гэдэг асуудалд холбогдох байгууллагаас дараах тайлбарыг өгчээ.
Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалтын хувьд шалгалтын сэдэв даалгавар боловсруулах агуулгын хувьд ч том өөрчлөлт орж байна. Тухайлбал, энэ жил төгсөх 12 дугаар ангийн сурагчид өмнө жил хагас жил танхимаар, хагас жил цахимаар хичээллэсэн. Энэ жилийн хувьд нэг улирал танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж байна. Тиймээс бид энэ жилийн даалгаврыг боловсруулахдаа 12 дугаар ангийн сурагчдын танхимаар судалсан болон 9,10,11 дүгээр ангид үзсэн агуулгад тулгуурласан” гэжээ. Өөрөөр хэлбэл, шалгуулагчаас танхимаар судалсан агуулгын хүрээнд шалгалт авах аж. Тэгэхээр нэг жилийн хичээлийн хоцрогдолтой сурагчид оюутан болох юм.
Эх хэлний мэдлэгээ шалгуулахгүй их сургуульд орох нь зөв үү?
2015 оноос монгол хэл, монгол бичгийн шалгалтыг босго оноотой болгосон. Улмаар тус шалгалтад 400-аас доош оноо авсан сурагчид ЭЕШ өгөх боломжгүй байхаар зохицуулж байсан. Энэ нь их дээд, сургуульд элсэгчдийн чанарыг сайжруулж, эх хэлний мэдлэгтэй сурагчдыг элсүүлэх зорилготой байсан. Гэтэл энэ жил их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэжээ. Төгсөлтийн шалгалт өгөхгүй, монгол хэлний мэдлэгээ шалгуулахгүйгээр сурагчид зөвхөн элсэлтийн шалгалт өгөөд л их сургуулийн босго давах нь. Их, дээд сургуулийнхаа босго оноог даваад элссэн ч чанар, чадвартай оюутан болж төлөвшинө гэж итгэхэд бэрх юм.