
Москва Украин Луханскт хийсэн сүүлийн халдлагын хариуд Киев рүү “системтэй цохилт” өгнө гэж мэдэгдэв.
Орос улс Киев дэх батлан хамгаалахын аж үйлдвэрийн байгууламжууд руу “цуврал системтэй цохилт” өгөхөөр төлөвлөж байгаагаа анхааруулж, Украины нийслэлээс гадаадын иргэдийг яаралтай гарахыг уриаллаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ, энэхүү цохилт нь өнгөрсөн долоо хоногт Украин дроноор эзлэгдсэн Луханск мужийн Старобильск хот дахь оюутны дотуур байрыг онилж, 18 хүний аминд хүрсэн халдлагын хариу гэж тайлбарлав.
Украин сүүлийн саруудад дроны дайны чадавхаа эрчимтэй нэмэгдүүлж, ялангуяа Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөд мэдэгдэхүйц амжилт гаргаад байгаа юм. Дөрвөн жилийн өмнө хөрш орон руугаа бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн Москва Украин улсын зүүн дөрвөн мужийг өөрийн нутаг хэмээн зарлаж, эдгээр халдлагыг “терроризм” гэж нэрлэн, томоохон пуужин болон дроны довтолгоогоор хариу өгсөөр иржээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ Старобильск руу хийсэн цохилтыг “сүүлчийн дусал” болсон хэрэг хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ болгон “дрон зохион бүтээх, үйлдвэрлэх, программчлах болон ашиглалтад бэлтгэдэг тодорхой байгууламууд”-ыг онилсон системтэй цохилтууд хийнэ гэжээ.
Эдгээр байгууламжууд “Киев даяар тархсан” болохыг онцлон, мэдэгдэлд “дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын ажилтнууд зэрэг гадаадын иргэдийг хотыг аль болох хурдан орхихыг” анхааруулсан байна.
Мөн Киевийн оршин суугчдыг “цэргийн болон захиргааны дэд бүтцийн байгууламжуудын ойролцоо очихгүй байх”-ыг уриалжээ.
Үүний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод төлөвлөгөөний талаар мэдээлж, Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн гэжээ.
Лавров утсаар ярихдаа энэхүү алхам нь “Киевийн дэглэм Оросын нутаг дэвсгэр дэх энх тайван иргэд болон иргэний байгууламжууд руу үргэлжлүүлэн террорист халдлага хийж буйд” хариу болгон эхлүүлж буй арга хэмжээ гэж Рубиод мэдэгдсэн байна.
“Террор ба аллага”
Пүрэв гарагийн шөнөөс баасан гарагт шилжих шөнө Старобильскт болсон дроны дайралт нь сүүлийн сарууд дахь Украины хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг болж, 42 хүнийг шархдуулжээ.
Оросын Гадаад хэргийн яам уг халдлагыг “олон улсын хүмүүнлэгийн хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл”, мөн “энгийн иргэдийг санаатайгаар онилж, хүүхдүүдийг ч хөнөөхөөс буцдаггүй Киевийн дэглэмийн нацист, террорист шинж чанарыг харуулсан бас нэг тод жишээ” хэмээн тодорхойлов.
Украины арми харин оюутны дотуур байр руу цохилт өгсөн гэх мэдээллийг няцааж, элит дроны командын нэгжийг онилсон гэж мэдэгджээ.
Москвагийн сүрдүүлэг болон Киевээс гадаадын иргэдийг гарахыг уриалсан асуудлын талаар Украины Гадаад хэргийн сайд Андри Сыбиха холбоотнууддаа “Оросын сүрдүүлэгт” автахгүй байхыг уриалсан байна.
Даваа гарагт 70 гаруй улсын дипломатчид Киев дэх хүчтэй сүйдсэн хороололд очиж, халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ.
Францын Элчин сайд Гаэл Вейссьер энгийн иргэд даваа гарагт ажилдаа эргэн орж, өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байгааг онцолсон байна. “Энэ бол тэсвэр хатуужлаа харуулж буй нэг хэлбэр. Үүнийг дэлхий даяараа дэмжих нь маш чухал гэж би бодож байна” хэмээн Вейссьер Ройтерс агентлагт ярьжээ.
Гэсэн ч энэхүү заналхийлэл хоосон үг байх магадлал багатай гэж ажиглагчид үзэж байна. Старобильск руу хийсэн халдлагын дараагаас Орос Киев болон ойр орчмын бүсүүдийг томоохон пуужин, дроны дайралтаар эрчимтэй онилсоор байгаа юм.
Украины эрх баригчдын мэдээлснээр, нийслэл болон ойролцоох бүсэд шөнийн турш болсон цохилтын улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ.
Орос ням гарагт “Орешник” нэртэй хэт авианы баллистик пуужин ашигласнаа баталсан байна. Цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай энэхүү зэвсгийг Москва дөрвөн жилийн дайны хугацаанд гурав дахь удаагаа ашиглаж буй нь энэ юм.
Даваа гарагт Украины албаныхан зүүн нутгийн Харьков болон Донецк мужуудад болсон цохилтын улмаас хэд хэдэн хүн амиа алдсан гэж мэдээлжээ.