
Саудын Араб улсад болж буй олон улсын “Дакар ралли-2026” уралдаан өндөрлөх дөхлөө. Өчигдөр ес дэх өдрийн гараа болж нэгдсэн дүн гарлаа. Мотоциклийн ангилалд уралдаж буй гавьяат тамирчин Э.Халиунболд нийт тамирчдаас 14-р байрт, ралли2 төрөлдөө 7-р байрт жагслаа. Манай тамирчин өчигдрийн уралдааны 196 км хүртэл зайд Топ10-т багтсан цагийн амжилтыг үзүүлжээ.
ОУХМ П.Мөрөн өчигдрийн уралдааны дараа нийт тамирчдаас 33-р байрт, Ралли2 төрөлдөө 22-р байрт бичигдлээ. Мотоциклийн тамирчидаас 1-р байрт Т.Сшареина, 2-р байрт Д.Сандерс, гуравт М.Дочерту нарын тамирчид тэргүүлсэн байна.
Өнөөдөр 10 дахь гараа марафон уралдаанаар үргэлжилнэ. Тамирчид түр хоноглох баазаасаа Биша хотын зүг уралдааныг хийхээр болжээ. Замын нийт урт 418 км-т уралдааны цаг тооцох нь 371 км аж. Өнөөдрийн уралдааны шороон зам 34 хувь, элс 28 хувь, элсэн манхан 34 хувь, хадархаг дөрвөн хувийг эзэлж байгааг “Тал нутаг Дакарт” багаас мэдээллээ.

