Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Богдхан төмөр замын төсөлтэй танилцжээ. Тус төсөл нь цоо шинэ зүйл огт биш бөгөөд 2014 онд л Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр санал болгож байж. Богдхан уулыг нүхэлж зам тавина, метро барина гэдэг шийдлүүдээс хамгийн бодитой гэж үзсэн болохыг олон улсын байгууллага тус төсөлд зориулан судалгаа хийснээс харж болно. “Богдхан” төмөр замын шугам нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.Ингээд Богдхан төмөр замын тухай мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Ахуйн шийдэл
Нийслэл хотын төвөөр галт тэрэгний зам дайран өнгөрдөг нь агаарын болон дуу чимээний бохирдол үүсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Төмөр зам авто замтайгаа огтлолцдог тул нэг өдөрт гэхэд 120-160 минут авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гардаг.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр нийт 35 км төмөр зам дайран өнгөрдөг байна. Хотын төвөөр өдөрт хойноос урагш чиглэлд 14-16, урдаас хойш чиглэлд 16-18 хос галт тэрэг дайран өнгөрч буй нь авто замын түгжрэл, агаарын бохирдол, дуу чимээг үүсгэж буй төдийгүй аюултай хортой ачааг тээвэрлэх нөхцөлд хотын хүн амыг эрүүл аюулгүй оршин суухад хүндрэл учруулж болзошгүй гэж энэ төслийг санаачлагчид хэлж буй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх “гарц” хэмээн Мааньт өртөөнөөс Рашаант өртөөг холбож Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Баянбулаг сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 170 км орчим урттай “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалтын төслийг өргөн барьсан. Ингэж шинэ төмөр зам барьснаар хуучин төмөр замаар хөнгөн галт тэрэг буюу рэйлбус зорчиж эхлэх юм. Хэрвээ Толгойт хавьд амьдардаг бол хотын төвд 10-15 минутын хугацаа зарцуулна гэж тооцоолжээ. Агаар хөрсний бохирдлыг бууруулж, хотын замын түгжрэлд эерэгээр нөлөөлнө гэх энэхүү хэсгийг ялангуяа нийслэлийн удирдлагууд хоёр гараа өргөн дэмжиж байгаа юм. Төмөр замын ачих буулгах хэсгийг хүн бүр мэддэггүй болохоос хэрвээ түүнийгээ аваад нүүх юм бол 1000 гаруй га газар хотын мэдэлд ирэх юм билээ. Үүнээс гадна, хот даяар тархан байрласан ачаа тээврийн терми нал хооронд вагоны цуваа шилжүүлэн байрлуулах ажиллагаанууд хийгддэг нь нэмэлт ачаалал бий болгодог. Учир нь импортын контейнеруудыг ачсан цувааг төмөр замын төв буудал дээр хүлээн авсны дараа хувийн хэвшлийн ажиллуулдаг контейнерийн терминалууд руу тараадаг байна. Одоогийн төмөр замаар ОХУ, БНХАУ руу гарах химийн бодис, бусад аюултай бараа Улаанбаатар хотоор дамждаг нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлэх тодорхой эрсдэлийг бий болгож байгаа нь ч үнэн.
Стратегийн шийдэл
Богдхан төмөр замын трасс ашиглалтад орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр ч энэ трассаар явах юм байна.
“Богдхан төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ.
Монгол Улс нь өргөн уудам нутагтай хэдий ч далайд гарцгүй. Энэ тухай “Газар нутгийн хэмжээ том, хүн ам тархай бутархай, цаг уурын нөхцөл хүнд тул тус улсын хувьд газрын тээвэр хүндрэл бэрхшээл ихтэй. Төмөр замын тээвэр Монгол улсын гадаад худалдаа, нийт эдийн засгийн хөгжилд эртнээс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 2016 онд Монголын нийт ачаа тээврийн 74%, зорчигч тээврийн 32%-ийг төмөр зам гүйцэтгэсэн байна. Хөрш орнуудтай хийдэг хил дамнасан худалдааны улмаас, Монгол Улсад төмөр замаар тээвэрлэгддэг ачааны хувь, автозамын тээвэр түлхүү хийгддэг бусад хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад асар өндөр байдаг. Транс-Монголын хэмээн нэрлэгддэг төмөр замын гол шугам БНХАУ-тай хиллэдэг Замын Үүд боомтыг ОХУ-тай хиллэх Сүхбаатар боомттой холбож, Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг. Тус шугам нь Транссибирийн төмөр замын сүлжээний хэсэг бөгөөд Улаан Үд хотыг Транссибирийн төмөр замын шугамтай холбодог. Мөн түүнчлэн, ОХУ-г Монгол, Хятадаар дамжуулан Зүүн Азитай холбох Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Коридор 4-ийн нэгээхэн хэсэг юм” гэдгийг Азийн хөгжлийн банк тухайн үед онцолж байжээ.
Ойрын ирээдүйд, Монгол Улсаар дайран өнгөрөх төмөр замын тээвэр ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд хотыг тойрсон төмөр зам тавьснаар тээврийн эргэлтийн өсөлт хотын оршин суугчдад сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх юм.
Ложистик шийдэл
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг хэлж байсан юм. Учир нь, Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа юм байна.
Уг төмөр замын талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх “Богдхан”төмөр замын төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төмөр зам л даа. Зам, тээврийн яаманд ажиллаж байхдаа энэ төслийн мастер төлөвлөгөөг боловсруулахад гардан оролцож эхэлж байсны хувьд Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрөл, автомашины түгжрэлийг арилгах,хот дундуур дайранөнгөрөх, орж ирж байгаа аюултай ачаанаас үүсэж болох эрсдлийг шийдвэрлэх гээд олон асуудалд онцгой нөлөөтэй. Хамгийн гол нь Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын орчимд төмөр зам, хурдны автозамыг холбосон логистикийн терминал байгуулагдах ёстой. Ингэснээр гурван том дэд бүтцийн төв бий болж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тус компани бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ ч мөн Засгийн газарт илэрхийлээд байгаа гэлээ.