“Жилийн өмнө л 100 мянган төгрөгөөр хоёр, гурван тор хүнс авчихдаг байсан. Гэтэл одоо мөнгө цаас шиг болж. 100 мянган төгрөгөөр ганц тор хүнс авахтай үгүйтэй л байна. Бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадсан байна”. Томоохон хүнсний зах, супер маркет, хүнсний дэлгүүр гээд хаана ч ялгаагүй юмны үнэ өсжээ” гэж халаглах худалдан авагчтай “Баянзүрх” худалдааны төвд таарсан юм. Үнэхээр ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өмнө өмнөх сарынхаас өссөн байлаа.

Энэ талаар худалдаа эрхлэгчээс тодруулахад “Бид өөрсдөө үйлдвэрлээд, үнэ тогтоодог биш. Цаанаас ямар үнээр ирнэ, тэр үнэ дээр нь бага зэргийн ашиг нэмээд зардаг. Импортын бүтээгдэхүүний ачаа, тээврийн хөлс нэмэгдсэн. Мөн жилийн өмнөх шиг их хэмжээний бараа ойр, ойрхон ирэхгүй байгаа. Тиймээс үнээ тодорхой хэмжээнд өсгөөд зарахаас өөр аргагүй байна” гэлээ.

Махны үнэ өмнөх сарынхаас өсжээ

2021 оны дөрөвдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13910 төгрөгийн үнэ ханштай байна. Харин өнгөрсөн оны мөн үед хонины ястай мах нэг килограмм нь 10022 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11000 төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Ийнхүү махны үнэ төрлөөсөө хамаарч килограмм тутамдаа жилийн өмнөхөөс 1000-2000 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Түүнчлэн махны үнэ сарын өмнөхөөс ч өссөн үзүүлэлттэй байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 21

  • Хонины мах 12410 төгрөг
  • Үхрийн мах 13589-15510 төгрөг
  • Адууны мах 12875 төгрөг
  • Ямааны мах 10000 төгрөг

2021 оны гуравдугаар сарын 21

  • Хонины мах 10844 төгрөг
  • Үхрийн мах 12611-12611 төгрөг
  • Адууны мах 11125 төгрөг
  • Ямааны мах 9150 төгрөг

Ийнхүү гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь хөл хорионд орж, орлого нь хумигдсан иргэдийг улам нидэрч байна.

Нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурсангүй

Хөл хорио тогтоож, хил гааль хаасны улмаас хомстол үүсч, үнэ нь өссөн хүнсний бүтээгдэхүүн бол нарийн ногоо, өндөг юм. Өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-аас импортын өндөг орж ирэхээ больж, дотоодын аж ахуйн үйлдвэрүүд хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Үүний улмаас өндөгний үнэ нэмэгдсэн. Гэхдээ нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурсангүй. Улмаар жилийн өмнө нэг ширхэг нь 300 төгрөгөөр борлуулагддаг байсан өндөг 460-500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Нарийн ногооны үнэ ч мөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Учир нь хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тонн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан бол хөл хорионы улмаас уг тоо цөөрсөн нь хомстол бий болж, үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

"Натур" худалдааны төвд:

  • Брокли нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 10000-15000 төгрөг
  • Өргөст хэмх нэг килограмм өмнө нь 4000-5000 төгрөг байсан бол одоо 13000-15000 төгрөг
  • Бууцай нэг килограмм нь өмнө нь 4000-5000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг
  • Улаан лооль нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 12000-15000 төгрөг
  • Навчит байцаа нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Эрэлт их, нийлүүлэлт бага байгаа үед үнэ өсөх нь зах зээлийн журам. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол импортоос хараат биш байх боломжтой.