Судар номонд бичсэнээр Монгол Улс нь буддын соёлын 2200 орчим жилийн түүхтэй бөгөөд энэ соёл Монгол газарт мандан буурлын 3 үеийг туулж, өнөөдрийг хүртэл уламжлагджээ.
Буддын шашин, соёл гутгаар удаа Монгол газарт дэлгэрэхдээ монголчуудын соёлын хөрсөнд баттай суурьшиж, улмаар XIX зууны сүүлч, XX зууны эхэнд Монголын буддизм түүхэн хөгжлийнхөө оргилд хүрсэн юм. Энэ үед Буддын шашин, соёл Монголын нийгэм, улс төрийн амьдралд үзүүлэх нөлөө, Монгол дахь сүм хийд, лам санваартан, сүсэгтэн монголчуудын тоогоороо үнэмлэхүй дээд тоондоо хүрсэн буюу хүн амын 98 хувь нь бурхны шашинтан болсон байсан нь албан ёсны анхны хүн амын тооллогын дүнгээс үзэхэд тодорхой байдаг.
Монголын түүхэн дэх хүн амын анхны тооллого нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны (1911) дараахан 1918 онд “Монголын төрөөс олон зуун жилийн дараа анх удаа хүн ам, мал хөрөнгөө бүртгэсэн улсын чанартай нэгдсэн тооллого...” зохион байгуулжээ. Шинэ тулгар төрөөс улсынхаа хүн ам зүйн бодлогыг тодорхойлох зорилгоор хийсэн уг тооллого нь хүн амын байршил, иргэдийн ажил мэргэжлийг гаргахдаа сүм хийдэд бүртгэлтэй лам нарын тоог давхар тоолж, бүртгэсэн онцлогтой. Гэвч уг тооллого хүн амыг бүрэн хамарч чадаагүй төдийгүй зарим хошуу нутаг, ноёд, лам нар мал, хөрөнгөө нуун дарагдуулжээ. Иймээс Богд хаан зарлиг гарган: “... аймаг, хошууд хүн ам, хөрөнгө малын тоогоо үнэн бүрнээр тодорхойлж ирүүлэх ахул энэ биед гавьяа бүхий байтугай эцэс амгалан орноо төрнө. Хэрэв миний зарлигийг зөрчиж, нуун далдалбал энэ биед ял зэмлэлтэйгээр үл барам, эцэст муу заяанаа төрнө” хэмээн ухуулан таниулсан нь архивт хадгалагдан үлдсэн байна. Ингэж 1918 онд Богд хаант Монгол Улс тухайн үеийн Орос улстай хамтран хүн амаа тоолоход 542000 монгол хүн, 100000 хятад хүн, 5000 орос хүнийг бүртгэжээ. Монголын нийт хүн амын 21.3% нь буюу 105000 гаруй нь лам байсныг тогтоосон бөгөөд 5 хүн тутмын нэг нь лам байсныг энэ тоо нотлож байна. Гэхдээ тэдний 40% нь буюу 42000 нь л сүм хийдэд тогтмол шавилан суудаг байсан ба үлдэх 63000 нь сул лам буюу хүрээ хийдэд тогтмол шавилан суудаггүй лам байсан бололтой. Гэвч ардын засгаас хар хүний амьдралд хутгалдсан лам нарыг төр, шашныг завсардуулсан хэмээн шүүмлэн ухуулж, тэднийг хар болгож нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, иргэний нийгмийн амьдралд шийдтэйхэн татах ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлэв. Үүний дүнд, 1925-1927 оны хооронд 12 мянган ламыг хар болгожээ. 1926 оны хүн ам, мал хөрөнгийн улсын тооллогоор бүх хүн ам 683632 байжээ. Үүнээс лам банди буюу хурал номын ажил дагнан эрхэлдэг 91599 байсан нь хүн амын 13.6 хувь, бүх эрэгтэйчүүдийн 26.4 хувь, 8-аас дээш насны (206906) эрчүүдийн 44.3 хувийг эзэлж байлаа. Гэвч баримт, судалгаануудад тухайн үеийн лам нарын тоог харилцан адилгүй гаргасан байх ба зарим баримтад 1926 оны лам нарын тоог 77705 гэжээ . Юутай ч 1926 онд Архангай аймаг хамгийн олон ламтай буюу 10127 байсан бол Улаанбаатарт хамгийн цөөн лам тоологдсон нь 603 лам байжээ. Харин 1918 оны тооллогоос хойш 10 жилийн дараа 1928 онд Монгол Улсын нийт хүн амын тоо 709010 болоход 94805 нь лам буюу тухайн үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 38.5%-ийг лам нар эзэлж байв.
Удалгүй 1929 оноос ЗХУ, Коминтерний удирдлага, заавраар Монголд шашны эсрэг үйл ажиллагаа хүчтэй өрнөж, улмаар 1938 оны зун гэхэд мөргөлийн ганц ч сүм дугангүй болсон ба энэ байдал 1944 оны зун АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри А.Уоллес манай оронд алчлах болсонтой холбогдуулан Улаанбаатар хотод энд тэнд цөөхөн үлдсэн сүм, дуганад байсан лам нарыг цуглуулан мөргөлийн ганц дуган нээх хүртэл үргэлжилсэн байдаг юм. Ингэж 1944 онд “Их хүрээний Гандандэгчэнлин хийд”-ийн үйл ажиллагааг улс төрийн зорилгоор сэргээсэн нь өнөөдрийг хүртэл монголчуудын эргэл, мөргөлийн төв орон болж үлджээ.
1940-өөд оноос төрөөс шашингүй байх суртал нэвтрүүлгийг хүчтэй хэрэгжүүлж, цаашид бүх нийтийн шашингүй үзлийг төлөвшүүлэх асуудлыг хүчтэй дэвшүүлэх болсон юм. Үүний дүнд 1980-аад оны дундуур ШУА-ийн ФСЭХ-ээс явуулсан судалгаагаар оролцогчдын 80.4% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ.
Гэтэл 10-аад жилийн дараа буюу 1994 онд Төр, нийгэм судлалын академийн хэрэгжүүлсэн судалгаагаар монголчуудын 72.8% нь шашин шүтлэгтэй, энэхүү шүтлэгтэй хэсгийн 79.5% нь бурхны шашныг шүтдэг гэсэн дүн гарсан байдаг.
Эндээс үзэхэд, харьцангуй богинохон хугацаанд монголчуудын шашин шүтлэгийн нөхцөл байдал “шүтлэггүйгээс шүтлэгтэй” төлөв рүү үндсэндээ эргэлт хийсэн шиг байна. Энэ нь нэг талаар, 1990 оноос хойш шашин шүтлэг чөлөөтэй болсонтой холбоотой боловч, нөгөө талаар социализмийн жилүүдэд иргэд шашнаа далд хэлбэрээр шүтэж иржээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг.
1990 оноос Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх болсноор уламжлалт шашин соёлоо сэргээх, судлах ажил эрчимжиж эхэлсэн юм. Хуучин сүм, хийдийг сэргээн байгуулах ажил орон даяар явагдах болов. Мөн 1929 оноос хойш тасраад байсан хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах уламжлалыг сэргээн XIV Далай ламын батламжилснаар нэр алдартай хутагтуудыг тодруулах, тэднийг Энэтхэгт буддын гүн ухааны чиглэлээр суралцуулах, шашны сургуульд суралцагчдын тоо нэмэгдэх зэрэг Монгол орон даяар буддын шашны үйл ажиллагаа сэргэн идэвхжих болсон юм. Мөн шинэ цаг үеийн нөхцөлд нийцсэн уламжлалт бус шашны байгууллагууд Монгол орны төв, суурин газрын төвд нь төдийгүй орон нутагт ч олноороо байгуулагдан сүсэгтний сүсэг бишрэл, танин мэдэх эрэлт хэргэцээг нь уламжлалт бус шинэлэг аргаар хангах болсон. Тийм байгууллагууд нийслэл Улаанбаатарын төв хэсэгт олноороо бий болжээ. Барилга байгууламжийн байрлаж байгаа газар, хийц маяг, өнгө зүсээс үзвэл илт бийлэгжүү бөгөөд буддын шашны сүм хийдүүдээс энэ байдлаараа эрс ялгардаг.
Монгол Улс 2010 онд буюу XXI зууны эхэнд 10 дахь удаагаа хүн ам, эд хөрөнгийн нэгдсэн тооллого хийхдээ анх удаа шашин шүтлэгээ хамтад нь албан ёсоор тоолсон бөгөөд түүнээс өмнө хэсэгчилсэн судалгаагаар л ард түмнийхээ шашин шүтлэгийн төлөв байдлыг тандан судалж, тогтоож ирсэн түүхтэй. Энэ нь нэгд шашин бол өнгөрсөн нийгмийн хоцрогдсон ухамсрын хэлбэр, хоёрт манай иргэд шашингүйн үзэлд сайтар орсон гэж үзэж тоохоо байсны сацуу гуравт, ач холбогдол багатай энэ үзэгдлийг судлах шаардлагагүй хэмээн тиймээс иймэрхүү төрлийн судалгаанд хөрөнгө санхүү гаргахаас цааргалсан хэрэг мөн гэж судлаачийн хувьд үздэг юм.
Доктор С.Янжинсүрэн (МУИС. Философи, шашин судлалын тэнхим)