
Хамгийн анхны хакатон нь 1999 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Канад улсад зохион байгуулагдаж байжээ. Хакатон гэдэг нь hack + марафон гэсэн үгээс гаралтай. Хакатон нь технологиор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог зохион байгуулалт бүхий хурал, цугларалт, үйл ажиллагаа бөгөөд техникийн суурь мэдлэгтэй хүмүүс цуглаж, ямар нэгэн асуудал эсвэл санаан дээр үндэслэн баг бүрдүүлж, оновчтой шийдлийг програмчладаг (код бичдэг). Тэдгээр нь ихэвчлэн вэбсайт, мобайл аппликэйшн, робот байдаг. Үүнийг нь товчхоноор хэлбэл, богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олох явц. Анх зөвхөн программистууд дунд хийгдэж эхэлж байсан бол одоо бүхий л салбарт Хакатон хийж байгааг ажиглаж болно. Томоохон компаниуд шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд ихээр ашиглах болсон.
Вэбсайт, аппликэйшн, төхөөрөмж гээд юуг ч хийж байсан хакатоны гол зорилго бол тодорхой санаан дээр тулгуурлан бизнесийн бүрэн үйл ажиллагаа бүхий загварыг (prototype) гаргахад оршдог. Ихэвчлэн хакатоны үргэлжлэх хугацаа 24-өөс 48 цаг байх бөгөөд өгөгдсөн хугацааны төгсгөлд багууд юу хийснээ танилцуулж тэмцээний шагналын төлөө өрсөлддөг.
Хугацаа : Богино (24 цаг — 7 хоног)
Баг : 2–5 хүн
Тэмцээн дуусах үед багууд ур чадвараа ашиглан гаргасан бүтээлээ танилцуулах ба шүүгчид тодорхой шалгуураар шүүж ялагчдыг тодруулдаг. Хакатоны үр дүнд бий болсон зарим бодит жишээнээс хуваалцвал, Хакатоны үндсэн дээр гарч ирсэн гайхалтай санааны нэг нь GroupMe.com бүлэгээр мессэж бичих аппликэшний санааг гаргасан компанийг Skype компани 50 гаруй сая доллараар худалдан авчээ. Мөн Facebook-ийн like товч, хэрэгчлэгчдийн хоорондох чатны санаанууд нь компанийн доторх хакатоноос урган гарсан санаанууд юм.
Амьдрал дээрх томоохон хакатонуудаас дурдвал PennApps.com, MHacks.org, оюутнуудын дундах хамгийн том хакатонуудын нэг бөгөөд 1000 орчим оюутнуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж, амьдралынх нь хамгийн эрч хүчтэй (2 хоногт төслийг гүйцэтгэнэ гэдэг бол унтах цагаа хассан ч багадахаар мөчидхөн хугацаа) 2 хоногийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Энэ хакатоны оролцогчид магадгүй анх удаагаа л уулзаж буй хүмүүстэйгээ цуг шинэхэн технологиуд хэрхэн ажилладаг болохийг суралцаж, маш их хэмжээний код бичсэний үр дүнд эцсийн бүтээгдэхүүнээ амжилттай болгохыг эрмэлздэг юм. Бараг унтахгүй байхыг эс тооцвол уг хакатон гэгч хүнийг бараг л донтуулдаг төдийгүй хакатоныг тойрсон хүмүүсийн хүрээлэл дэлхий дээр маш хурдацтай өсч байгаа юм.
Дашрамд дурдахад, яг одоо Монголд эхний хоёр байр нь тус бүр 7000 ам.долларын шагналтай Хакатон зарлагдаад байна. Цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цахим орчинд үйлдэгдэж буй бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах технологийн шинэлэг шийдэл олох зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ), Хууль зүй, дотоод хэргийн яам, “Монгол Масс Медиа” ХХК хамтран зохион байгуулж байгаа http://eagle.mn/r/85555 энэхүү хакатон тэмцээнд та бүхэн идэвхтэй оролцож асуудлыг шийдэх оновчтой гаргалгаа гаргахад хувь нэмрээ оруулаарай #StopCyberBullying