Жил бүрийн 4-р сарын 2-нд дэлхий дахинд цэнхэр гэрэл асааж, цэнхэр хувцас өмсөн аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийг сэтгэл зүрхээрээ дэмждэг өдөр.
Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь арьс өнгө, үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг байна.
Энэхүү эмгэг хөвгүүдэд /42-т 1/ охидод /189-д 1/ буюу хөвгүүдэд 5 дахин илүү тохиолддог аж.
Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн ихээр ярьж, бичиж байна. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй.
Аутизм өвчин доорх гурвалсан бэрхшээлээр илэрдэгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Үүнд:
1. Нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол
2. Хэл яриа, хэлний хөгжлийн хоцрогдол
3. Туйлширмал болон баригдмал сэтгэлгээний бэрхшээл зэргээр илэрнэ.

Аутизмтай хүүхдүүдийн зарим нь зурах, тоо, бодох хөгжим сонсголоороо гоц авьяастай байх нь бий. Тэдгээр хүүхдийн онцгой, гоц авъяас, чадварыг нээж хөгжүүлэх нь чухал юм. Энэ өвчнийг оношилдог шинжилгээ гэж байхгүй бөгөөд зөвхөн мэдлэг ур чадвар, туршлагатай эмчийн асуумж үзлэгийн үед хийгддэг, олон удаагийн ажиглалтаар оношлох боломжтой. Хүүхдийн эмч 18 болон 24 сарын үзлэгээр аутизм өвчнийг илрүүлэх асуумжийг заавал авах ёстой юм.