УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр Хууль зүйн сайд Х.Дорлигжавт хандаж, хүсэлт гаргажээ.

Тэрбээр хүсэлтдээ "Санхүүгийн шалгалт хийх нэрийдлээр "Баянгол" зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа. Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа. Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй.

Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье

Гэтэл ингэж тусгай ажиллагаа явуулсан нь дүрэм зөрчсөн явдал боллоо. Энэ бүхэнд ЦЕГ-ын дарга Р.Чингис албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье"  хэмээсэн байна.

Дашрамд дурдахад, Баянгол зочид буудлын гадна өчигдөр цагдаа, тусгай хүчний алба хаагчдын хамгаалалт гарч, санхүүгийн шалгалт хийсэн нь нэлээд дуулиан дэгдээсэн. Учир нь АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Эл “Женко” группийн охин компани болох “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудын санхүүгийн баримтад шалгалт хийхдээ буутай цагдаа, тусгайгийн хамгаалалттай байсан нь олны анхаарлыг татаад байв. Тэд 6 цаг тус буудалд байрлах дээрх хоёр компанийн санхүүгийн баримтыг шалгаад, битүүмжлэн авч явсан.

Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны тамирчдаас эхлээд УИХ-ын зарим гишүүд хүртэл тэнд цугларсан. Зарим эх сурвалж Баянгол зочид буудлын эсрэг талын “Гэрэг” цамхаг дээр мэргэн бууч байрлуулсан байсан гэх мэдээллийг өгөөд буй. Харин эл мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байгаа бөгөөд ЭБШХ-ийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй үзлэг, нэгжлэг хийж байгаа үед хөндлөнгөөс хэн ч саад учруулах эрх байхгүй. Бид хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх тайлбар хийсэн юм.