
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан илтгэлдээ эмэгтэйчүүдийг “бие бялдрын хувьд сул, энгийн төрхтэй” гэж тодорхойлсон ч тэднийг “хувьсгалын хүчирхэг тулгуур” хэмээн магтсан нь олон хүний анхаарлыг татсан байна.
Төрийн өмчит мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун “солонгос эмэгтэйчүүдийн үл мэдэгдэх, онцгой хүчин чармайлтанд” тусгайлан талархал илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ “Манай эмэгтэйчүүд эх оронч уламжлалыг үргэлжлүүлж, орлуулшгүй үүрэг хариуцлагаа биелүүлсээр байвал манай нийгэм улам хүчирхэгжиж, илүү хөгжинө” гэжээ.
Тэрээр мөн “Манай үеийн эмэгтэйчүүд хувьсгалын бат бөх тулгуур болсон. Тэд биеэр сул ч зориг тэвчээртэй, тэдний энгийн нүүр царайд зориг шингэсэн байдаг. Харин нүүрэн дээрх үрчлээ нь тэдний хичээл зүтгэлийн ул мөрийг илтгэнэ” гэж хэлсэн байна.
Уг арга хэмжээнд гэр бүлийнхэн нь оролцжээ. Тодруулбал, Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу болон охин Ким Жү Э нар хамт оролцсон байна.
Ирээдүйд Ким Жон Уны залгамжлагч байж магадгүй гэж яригддаг охин нь арга хэмжээний үеэр эцгийнхээ гараас атгасан байдалтай харагджээ.
Ким Жон Ун “Бидэнд эрхэм бүх солонгос эмэгтэйчүүд — эхчүүд, эхнэрүүд, охид, найз бүсгүйчүүд маань бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад үнэхээр үзэсгэлэнтэй, агуу хүмүүс гэж би бахархалтайгаар хэлмээр байна. Хүнд хэцүү үед шударга хэвээр байж, уй гашуугийн мөчид тэсвэртэй, үхэлтэй нүүр тулах үед ч зоригтой байсан солонгос эмэгтэйчүүд хувьсгалын түүхэнд гайхамшигтай гавьяа байгуулсан. Тэдний энэ гавьяа бидний ой санамжид хадгалагдаж, бидний оюун санааны хүчирхэг түшиг болж байна” гэжээ. KCNA агентлагийн мэдээлснээр түүний илтгэлийг үзэгчид халуун алга ташилтаар хүлээн мялаажээ.
Гэвч хүний эрхийн байгууллагууд Умард Солонгост эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигддөг гэж үздэг. Human Rights Watch байгууллагын мэдээлснээр “БНАСАУ-ын албаныхан жендерийн тэгш байдал бүрэн хангагдсан гэж мэдэгддэг ч бодит байдал дээр Умард Солонгосын эмэгтэйчүүд, охид хүчтэй бөгөөд өргөн хүрээтэй хүний эрхийн зөрчилд өртдөг”. Эдгээрт:
Мөн тус байгууллага тус улсад гүн патриархат соёл ноёрхож эмэгтэйчүүдийн үүргийг ихэвчлэн гэрийн ажил, доод түвшний эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд хязгаарладаг гэж тэмдэглэжээ. БНАСАУ-д эмэгтэйчүүд улс төр, цэргийн дээд түвшний удирдлагад маш цөөн төлөөлөлтэй хэвээр байгаа аж.
Human Rights Watch байгууллага 2022 онд тайландаа “2016-2019 оны хооронд Төв хороонд багтах эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн бөгөөд төрийн хэвлэлүүдэд эмэгтэй албан тушаалтнууд болох Ким Ё Жон, Ким Кён Хуй, Чоэ Сон Хуй зэрэг эмэгтэй хүмүүсийн харагдах байдал нэмэгдсэн. Гэвч эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн ч бодлогын бодит өөрчлөлт авчраагүй байна” гэж дүгнэсэн байна.