Европын холбоо, Их Британи, АНУ, Канад улсууд уйгуруудын эрх зөрчигдөж буйтай холбогдуулан Хятадын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг тавьлаа. Ислам шашинт уйгурууд олноор оршин суудаг БНХАУ-ын баруун хойд хязгаар Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тэднийг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр хийлгэх мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргийн баримт нотолгоо улам бүр нэмэгдэж буйг дээрх улсуудын гадаад хэргийн яамд мэдэгджээ. Австрали, Шинэ Зеланд улсууд мөн уг хоригийг дэмжиж, уйгаруудын эрх зөрчигдөж байгаад харамсал илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, Шинжаанд нэг сая орчим уйгур хүнийг тусгай хорих ангид "хүмүүжүүлж" байгаа ажээ. Тэгвэл Хятадын зүгээс эдгээр байгууламжуудад хүний эрх зөрчигддөг гэсэн үндэслэлийг үгүйсгэж, терроризмын эсрэг боловсрол олгох зорилготой тусгай обьект гэж тайлбарладаг юм.
Барууны орнуудын тавьсан хоригт багтсан өндөр албан тушаалтнуудын дунд Шинжаан-Уйгурын Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны захирал Чэн Миньгуо, дээд тушаалын офицер Ван Жүнзэнь нар багтжээ. Үүний эсрэг Хятадын Засгийн газраас ч мөн Европын хууль тогтоогчид, дипломат байгууллагуудын эсрэг хориг зарлалаа.