-Азийн шатрын холбоонд ажилласан анхны Монгол хүн боллоо-

Шатрын спортын эмэгтэйчүүдийн Их  мастер А.Энхтуул Азийн шатрын холбооны гадаад харилцааны албанд  жил гаруйн хугацаанд ажиллаад ирлээ. Тэрээр ийнхүү тус холбоонд зүтгэсэн анхны Монгол хүн болсон юм. Мөн энэ хугацаанд АНЭУ-ын Ал-Эйн хотын өсвөрийн тамирчдыг дасгалжуулж, арга туршлагаасаа хуваалцжээ. А.Энхтуул Азийн шатрын холбоотой хоёр жилийн гэрээ байгуулсан ч тамирчны карьер, бэлтгэлдээ илүү анхаарах зорилгоор ийнхүү гэрээгээ цуцлаад ирсэн гэнэ. Тэрээр эх орондоо ирэхийнх нь өмнө болсон Азийн цомын АШТ-ий багийн ангиллын блиц, ганцаарчилсны блиц, стандарт  төрлөөс гурван мөнгөн медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжүүлсэн юм. Түүнтэй уулзаж, Азийн шатрын холбоонд ажилласан, Араб хүүхдүүдэд шатрын хичээл хэрхэн заасан талаар ярилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

-Азийн шатрын холбоонд ажиллах гарцыг хэрхэн олсон бэ?

-2013 оны өсвөрийн ДАШТ-ий өрөг тайлбарлаж байх үеэр Азийн шатрын холбооноос надад анх санал тавьсан. Тэдний урилгын дагуу тус холбооны гадаад харилцааны албаны төлөөлөгч, Ал-Эйн хотын шатрын клубын дасгалжуулагчаар жил гаруйн хугацаанд ажиллалаа. Уг нь хоёр жилийн гэрээ байгуулсан юм.

Гэхдээ тамирчны карьераа үргэлжүүлье, бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлье гээд өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлаад, ирлээ.

Гэхдээ тамирчны карьераа үргэлжүүлье, бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлье гээд өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлаад, ирлээ. Тэд битгий яваач, гэрээгээ дуусгаад, сунгахгүй юм уу гэж байна лээ. Хэзээ ч ирсэн бидний үүд нээлттэй гэсэн. Би эх орондоо өнгөрсөн шөнө /IV.8/ ирлээ.

-Тус байгууллагад өмнө нь Монгол хүн ажиллаж байсан бил үү?

-Би анхных нь.

-Ид тоглож байх үедээ энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан нь мэдээж байх, тийм үү?

-Бэлтгэл цалгардаж, тэмцээнд оролцох боломж хумигдах учраас нэлээн бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан. Тэмцээн зохион байгуулах, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх нь миний гол зорилго байсан. Түүнээс биш өндөр хангамж, цалин чухал биш ээ. Ажлын хажуугаар тэр бүр тэмцээнд оролцох боломж байгаагүй. Тиймээс хамгийн чухал гэж тооцсон 2-3-хан тэмцээнд л өрсөлдсөн.

-Тэнд ажилласнаар таны ур чадвар, мэдлэг чамгүй их хөгжсөн нь дамжиггүй.

-Арабууд багаар ажиллах чадвар сайтай. Тиймээс багаар ажиллах чадвараа бүр их төлөвшүүллээ. Мэдээж миний хэлний мэдлэг, бие даах, зохион байгуулах чадвар сайжирсан.

-Азийн шатрын холбооноос зохион байгуулсан хэчнээн тэмцээнд ажилласан бэ?

-Гадаад харилцааны албанд нь ажилласан болохоор бүх тэмцээний зохион байгуулалтад гар, бие оролцлоо. Би сая болсон Азийн цомын аваргад өрсөлдөх үеэрээ зохион байгуулалтад нь тодорхой хэмжээгээр оролцсон.

-Араб хүүхдүүд шатрын спортод хэр авьяастай вэ. Дасгалжуулахад Монгол хүүхдээс ялгаатай зүйл ажиглагдав уу?

-Монголчууд үнэхээр их оюуны чадавхи, авьяастайг бүр их мэдэрлээ. Арабт юм бүхэн бэлэн болохоор шатарт тийм ч их ач холбогдол өгдөггүй юм байна. Харин манайд бол эсрэгээрээ шүү дээ. Би тэнд өдөрт гурван цагаар 10 хүүхдэд хичээл заалаа.

-АНЭУ цаг агаар, амьдралын орчин, ёс заншил манайхаас нэлээн ялгаатай. Та хэр хурдан дассан бэ?

-Санасныг бодоход гайгүй байлаа. Бараг 10 хоногийн дараа л эх орондоо байгаа мэт дасчихсан шүү. Халуун нь л хамгийн хэцүү. Таваас долдугаар сарын хооронд хэт халахаараа 55 градус хүрдэг юм байна. Бусад үеийнх нь цаг агаар яг манайх шиг.

-Та өмнө нь удаан хугацаагаар гадаадад амьдарч байв уу. Эх орноо хэр санасан бэ?

-Би багадаа ОХУ-д ахындаа амьдарч байсан. Тэмцээн, уралдаанд оролцох гээд үргэлж шахам л гадагшаа явдаг. Гэхдээ л эх орноо нэлээн саналаа.

-Манай дасгалжуулагчид тамирчдаа өндөр түвшинд бэлтгэж чаддаг-

-Монгол дасгалжуулагч нарын ур чадварын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Мундаг шүү дээ. Тамирчдаа өндөр түвшинд бэлтгэж чадаж байна. Олон улс, тив, дэлхийд өрсөлдөх хэмжээний шатарчид олноороо төрж байгаа нь үүний илрэл.

-Та саяхан болсон Азийн цомын АШТ-ээс гурван мөнгөн медаль хүртсэн. Бүгдэд нь түрүүлэх боломж байсан нь мэдээж?

-Энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдгоороо онцлогтой. Нэр хүнд, чансаагаараа Азийн шатрын олимпиад гэхэд хилсдэхгүй. Классик, блиц төрөлд аваргалсан тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрх олгосон. Харамсалтай нь манай баг, бид түрүүлж чадсангүй. Би багийн ангиллын блиц, ганцаарчилсны  блиц, классик төрөлд мөнгөн медаль хүртлээ. Ээжийн маань төрсөн өдөр 7-нд болсон. Энэ амжилтаараа ээжийгээ өчүүхэн ч атугай баярлуулсан байх.

-Арабаас ирэхдээ ээждээ зориулж бэлэг бэлдэж амжсан уу?

-Намайг Монголд ирэхээс өмнө ээж маань АНЭУ-д очоод ирсэн юм. Тэр үед урьдчилаад баярлуулсан.

-Манай тамирчид багийн классик төрөлд VI байрт орсон нь чамлалттай санагдаж байна. Та бүхний тааруу амжилтад юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Их мастер Мөнгөнтуул, Батчимэг эгч хоёр саяхан үрийн зулай үнэрлээд, форм муутай байх шиг байсан. Би Азийн шатрын холбоонд ажиллаад бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй. Их мастер, 15 настай Б.Номин-Эрдэнийн хувьд багийн тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй. Тиймээс бага зэрэг туршлага дутчих шиг боллоо. Гэхдээ ямартай ч блиц төрөлд мөнгөн медаль авлаа. Уг нь БНХАУ-ын багийг хожсон бол аваргалах байсан юм.

-Энэ онд дэлхийн шатрын олимдиад болно. Багийн төрөлд өндөр амжилт гаргахад юу хамгийн чухал вэ?

-Багийн ажиллагаа.  Тамирчин бүр өөр өөрийн гэсэн орон зайтай, хувийн амбицтай.  Тиймээс бид нэгдэж, атгасан гар мэт хамтарч чадвал өндөр амжилт ойрхон байна.

-Дэлхийн олимпиадаас өмнө формондоо орохоор зорьж байна-

-Тамирчин хүнд тэмцээн, бэлтгэлдээ бүрэн анхаарлаа хандуулж чадахгүй жил гаруй  болно гэдэг чамлахааргүй урт хугацаа. Өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадсан уу?

-Чадаагүй. Гэхдээ шатраас төсөөрөөгүй. Өсвөрийн тамирчдыг дасгалжуулахаар тамирчны ур чадвар, түвшин нэлээн буурдаг юм байна. Энэ тэмцээний бэлтгэлээ хоёр сарын хугацаанд базаасан.

-Таны чансаа нэлээн буурсан байна лээ...

-Тэгсэн. Хоёр ранкаар буурсан. Шатрын олимпиадаас өмнө өмнөх байртаа очих, формондоо орохоор төлөвлөж байна.

-Өнгөрсөн жил Дархан аварга А.Сүхбаттай “Crossfit chess” тоглосон. Тэр тоглолтыг хийх санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Оюуны болон хүчний спортын холимог төрөл болох “Crossfit chess” дэлхийд хурдацтай хөгжиж байна. Энэ төрөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Дасгал хөдөлгөөн хийнгээ шатар нүүдэг болохоор их сонирхолтой, эрүүл мэндэд тустай. Анх санал тавихад А.Сүхбат аварга их уриалгахан хүлээж авсан. Би тэр тоглолтын үеэр зам дээр гүйх, сунайх, дугуй унах дасгалуудыг голчлон хийсэн. Энэ төрлөөр өрсөлдсөн Монголын анхны тоглолт тэр.

-Та хоёрын тоглолт тэнцээгээр өндөрлөсний дараа зарим хүн шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдсан. Их мастер цолтой хүн байж бөх хожиж чадсангүй энэ тэр гээд л...

-Шатар нүүвэл би хожих нь ойлгомжтой шүү дээ. Хожих, хожигдохдоо гол зорилго маань байгаагүй. Хамгийн чухал нь шатрын спорт тэр тусмаа “Crossfit chess”-ыг хүмүүст таниулах, сурталчлах зорилготой байсан юм. Монгол түмэн үндэсний бөхдөө хайртай. Тиймээс А.Сүхбат аваргыг сонгосон.

-Энэ төрлөөр тоглох санал тавихаар төлөвлөж буй өөр хүн бий юү?

-Одоохондоо алга. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн М.Зоригт ах надад тоглох санал тавьсан. Би Их мастер цолтой, мэргэжлийн тамирчин болохоор сонирхогчийн түвшний хэнийг ч хожих нь тодорхой шүү дээ. Өөрийгөө рекламдах зорилгоор бус шатрын спортыг хөгжүүлэх, таниулахын төлөө л хичээж явааг ойлгох хэрэгтэй.

-Манай улсад болж буй өсвөрийн Азийн АШТ-д танай клубээс хэдэн тамирчин оролцож байгаа вэ?

-Манай “Зууны шатар” клубээс найман хүүхэд өрсөлдөж байна. Одоогийн байдлаар /IV.9/ 14 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ц.Ашид таван өрөг тоглосноос дөрвөн оноотой тэргүүлэгчдийн эгнээнд багтаж явна.

-Таныг бие хүн болж төлөвшихөд шатрын спорт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Энэ спортоор хичээллэхээс өмнө би нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин шатартай нөхөрлөснөөр аливаа зүйлд ул суурьтай, тайван ханддаг болсон. Харин сая Араб явж ирснээс хойш нэлээн түргэн ууртай болчихож /инээв/. Өөрөөсөө доод албан тушаалтай хүнтэй их дээрэнгүй харьцдаг юм байна, арабууд. Тэдний зан араншин надад нэлээн нөлөөлсөн бололтой. Үүнийгээ хурдан засна аа.

-Хэлье гэснээ хэний ч өмнө илэрхийлдэг шударга зандаа хайртай, би-

-Эмэгтэй хүн байхын утга учир, үнэ цэнэ юунд байдаг гэж Та боддог вэ?

-Би лав эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархдаг. Ховорхон тохиол гэж боддог шүү. Эмэгтэй хүн эмх цэгцтэй, шударга, уужуу ухаантай, боловсролтой л байх хэрэгтэй.

-Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлбол...

-Шударга. Хэлье гэсэн юмаа хэний ч өмнө хамаагүй хэлчихдэг. Ар хударгаар нь бусдад муулаад явах үнэхээр дургүй. Би энэ зандаа хайртай. Бусад хүн ч гэсэн намайг шударга гэдгээр минь л үнэлж, хүндлээсэй гэж хүсдэг.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Дэлхийн олимпиадад оролцох тамирчдын сонгон шалгаруулалт тавдугаар сард болох сураг гарсан. Тэр тэмцээнд оролцож, эрх авахыг хүсч байна. Энэ миний ойрын зорилт. Зургаа, долдугаар сард европын нээлттэй тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй. Мөн ойрын хугацаанд өсвөрийн тэмцээн зохиохоор зорьж байна.

-Хоёулангийнх нь ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлчийн хормыг танд үлдээе.

-Шатрын спортыг төр засгаас сайтар дэмжих хэрэгтэй байна. Бид маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд амжилтад хүрдгийг ойлгоосой. Зарим спортын тамирчин эхний тойрогт хийлээд, дараа нь 2-3-хан ялаад л түрүүлчихдэг. Гэтэл шатар тийм биш. Хэдэн тамирчин оролцож байгаагаас шалтгаалж олон өдрийн турш, хэдэн арван өрөг тоглодог. Гэхдээ бусад спортын тамирчдын амжилт, хөдөлмөрийг үгүйсгэж байгаа юм биш шүү.

Зарим спортын тамирчин эхний тойрогт хийлээд, дараа нь 2-3-хан ялаад л түрүүлчихдэг. Гэтэл шатар тийм биш. Хэдэн тамирчин оролцож байгаагаас шалтгаалж олон өдрийн турш, хэдэн арван өрөг тоглодог. Гэхдээ бусад спортын тамирчдын амжилт, хөдөлмөрийг үгүйсгэж байгаа юм биш шүү.

Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, тусладаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, улсын тод манлай уяач Б.Далай захиралтай “Монгол Чех металл”, “Бороо гоулд”, компани, “Сандэй” групп, “Зууны шатар” клубийн хамт олон, Сэлэнгэ аймгийнхан, дасгалжуулагч нартаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа.