Сүүлийн жилүүдэд залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг нэмэгдэж, буруу замаар мөнгө олж, хөлжих сонирхолтой хүн улам олширчээ.

Тодруулбал, 2010 онд энэ төрлийн гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд 592, орон нутагт 172 бүртгэгдэж байсан бол 2018 онд нийслэлд 4735, орон нутагт 829 болж нэмэгдсэн байна.  Түүнчлэн залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 16 хувийг эзэлж буй юм. Мөн залилангийн 90 орчим хувь нь санаатай үйлдэгддэг бол 10 гаруй хувь нь санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байдаг аж.

Залилангийн хэргийн хохирогч амьдралын баталгаа, цаг хугацаагаа алддаг

Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулан гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага ялын санкцыг тогтоож өгсөн байдаг. Улмаар 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоожээ. Мөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг уг төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд иргэнд учруулсан хохирол, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байдаг аж. Мөн ихэвчлэн залилангийн хэмт хэрэгт хохирлын хэмжээ заадаггүй тул залилагч нар аль болох их хэмжээний мөнгө луйвардах сонирхолтой байдаг. Түүнчлэн залилан хийсэн этгээдэд хохирогчдын хохирол барагдуулах хэмжээний хөрөнгө байхгүй тохиолдолд албадан хөдөлмөр эрхлүүлэх заалттай бий. Гэхдээ их хэмжээний хөрөнгө алдсан хүний хохирлын хөдөлмөрийн хөлсөөр барагдуулна гэдэг урт хугацааны асуудал юм.  Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл үүсдэг байна. Учир нь залилагч этгээд өөрийн гэмт үйлдлээ иргэний эрх зүйн харилцаа руу чиглүүлж тайлбарладаг. Мөн залилагч оргон зугтах тохиолдол байдаг учир гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэхэд бэрхшээлтэй болдог тал бий

Хөл хорионы үеэр цахим залилан нэмэгджээ

Мөн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн интернет хэрэглээ нэмэгдэж, цахим залилан улам өссөн байна. Тодруулбал, залилан мэхлэх 4000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх нь онлайн залилан байгаа аж. Иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулах, бараа бүтээгдэхүүн борлуулах зэрэг нь ашиг олох зорилготой цахим залилангийн шинжтэй үйлдэл юм. Түүнчлэн залилан нь олон хохирогчтой байдаг.

Хүмүүсийн итгэмтгий байдал залилан “гаарахад” нөлөөтэй

Залилангийн гэмт хэрэг газар авч, залилагчид “гаарч” байгаад нөлөөлж буй нэг хүчин зүйл бол хүмүүсийн итгэмтгий, мэдээллийг нягталж хардаггүй байдал юм. Монгол улсад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаалах, хөлслөх болон виз гаргаж өгөх, гадаад руу ажил, сургуульд жуулчлах төрлийн залилан түгээмэл байдаг. Мөн сүүлийн жилүүдэд цахим залилан газар авч байна.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь гол төлөв таньдаг буюу зүс мэддэг, ямар нэгэн байдлаар харилцаа тогтоосон хүмүүсийн дунд үйлдэгддэг учир бусдын ятгалгад амархан орохгүй, нягталдаг байх нь чухал юм.