Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга эмэгтэй аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнөөс гараад гэртээ харих замдаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан. Эл хэргийн шүүх хурал Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүх хуралдаанд Улаанбаатар хот буюу Коронавирусын голомттой бүс нутгаас шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд нар ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотод Коронавируст халдварын тоо эрс нэмэгдэж, халдвар зөөвөрлөн ирэх эрсдэл өндөр байгаа тул аймгийн Онцгой комиссын зүгээс тавьсан халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэхээр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд шүүх хуралдааныг зохион байгуулжээ.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан учраас шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 13 цаг хүртэл хойшлуулжээ.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч нарыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг танилцуулсны дараа шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн 15.2.4-т заасан үндэслэлээр өмгөөлөх эрхээсээ татгалзаж, шүүгдэгч Э.Мэндсайхан өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүгдэгчид өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 9 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Өмнө нь шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр товлон зарласан ч хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд, шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, мөн шүүгдэгч В.Рэнцэндоржийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар хойшлуулж байсан юм.