Зуд нэг жилийнх, журам зуун жилийнх
400 орчим хүнтэй бүрэлдэн бий болсон Ардын журамт цэргийн 100 жилийн ой тохиож байна. Гэтэл бид журамт цэргийг үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын үхлийн талаар барин тавин таамаг төдийхөн л сууна.
Харамсалтай нь, өнгөрсөн зуун жилийн хугацааны эрээвэр, хураавар баримтыг хараад үзэхүйд энх цагт дайнаас дутахааргүй цэрэг эрс эндэж байсан баримт харагдана.
Зөвхөн 1937 оны наймдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хооронд болсон их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт 180 ардын цэргийн дарга нарыг алджээ. Гэтэл Халх голын дайнд 274 хүн амь үрэгдсэн тоо дурайх. “Дайсан”, “баатар” хамаагүй. Эцсийн дүндээ бүгд л алуулжээ. Журам, дүрэм ийм л байж.
Эх орон, газар шороо, эрх чөлөөны төлөөх тэмцэлийн түүхэнд унаж босож, алдаж онож явсан удааг тоолж баршгүй. Зуун зуун дамнуулан санах, сэхээрэх ёстой баатруудын гунигт хэрнээ бахархам басхүү сургамжит гашуун түүх бол монголын цэргийн түүх гэлтэй.
Энх цагт эмгэнэхүй
Цэргийн албанд мордоод “эр хүн болоод ирнэ” гээд эх, эцэгтээ эргэж ирээгүй залуусын тоог доорх баримт бүрэн дүүрэн нотлохгүй ч сүүлийн гуравхан жилийн хугацаанд хэвлэлээр гарсан баримт юм. Энэ гуравхан жилийн хугацаанд хамгийн их цэрэг амиа алдсан тохиолдол 2019 онд гарсан бөгөөд тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Н.Энхболд хэвлэлийнхэнд “Зоддог дарамталдаг асуудал байна гэж өөрөө хэллээ. Тийм баримт байвал бидэнд өгөөрэй. Тийм юм байх ёсгүй” гэж сэтгүүлчийг дарамтлах маягтай зугтаад өнгөрсөн. Тэр буруугүй ч түүний үйлдэл нь цэргийн албанд мордох хүүтэй хэн хүнд заналхийлэл шиг сонсогдсон. Хүүгээ алдсан хүний зовлонг хүүгээ алдсан хүн л ойлгоно. Гэвч хүн ёсоор уучлал гуйдаггүй төрийн өмнөөс дараах 10 баримтыг түшиглэн бид эмгэнэх учиртай.
- 2018 он. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан.
- 2019. 01.22 дорноговь аймгийн зүүнбаян сумын зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч нас барав
- 2019.02.01 увс аймгийн баруун туруун сумын хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, оху-ын бүгд найрамдах тувагаас нас барсан байдалтай олдож байв
- 2019.02.28 зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч ангийнхаа элс ачсан “зил-130” машинд дайруулж, амь насаа алдав .
- 2019.05.26 дорноговь аймгийн хатанбулаг сум, хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч а амиа алдав.
- 2019.09.18. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч хадлан бэлтгэж байхдаа машин дээрээс унаж, амь насаа алдав.
- 2019.05.14. Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд оров.
- 2020.03.03. Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдов.
- 2020.09 дүгээр сар. Хилийн цэргийн 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдтэй дүрмийн бус харилцаж, дэглэсэн бичлэг цацагдав.
- 2021.02.07. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олджээ.
- 2021.03.31 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож аминд нь хүрэв.
Монголын зэвсэгт хүчин бидний эсрэг яваад байх шиг. Тэгж хэлээгүй ч хийсэн үйлдэл нь хэлээд өгөх шиг.
Цэрэгт явах хүсэлтэй залуус нэмэгдэв, буурав
“Тусгай салаа” кино гарсны дараа цэрэг явах хүсэлтэй залуус нэмэгджээ. Эсрэгээрээ цэрэгт яваад эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан тохиолдлууд олон нийтэд ил болсоны дараагийн ээлжийн цэрэг татлагын үеэр цэрэгт явах сонирхол буурдаг аж. Гэхдээ энэ нь нууцын зэрэглэлд байдаг учраас цэргийн албанд хэдэн хүн татагдаад буй талаар нарийн тоо хэлэх боломжгүй. Тиймээс цэрэг татлага бүрээр ёс мэт “Цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо өсөж байна” гэж мэдээлдэг билээ. Харин их, дээд элсэн суралцаж буй залуусын тоог харвал энэ эсрэгээрээ байгааг мэднэ.
Хүмүүжил хийгээд дэг
Бид хүмүүнлэг нийгмийг сонгосон. Бүх зүйл өөрчлөгдсөн. Өөрчлөгдөөгүй ч өөрчлөхийг зорьж яваа. Ядаж л өнөөдөр бий болгож чадаагүй ч хүнлэг энэрэнгүй нийгмийн төлөө хүмүүжлийн арга барилаасаа хүртэл татгалзан буй.
Хааяахан гар хүрдэг хуучны хүмүүжлийн арга барил өнөөдөр ул болсон ч зарим талаар зул хэвээрээ байгаагийн тод илрэл нь зэвсэгт хүчнийг удирдан чиглүүлж буй хүмүүсийн ярианаас илт харагдана. Тэдний дунд хуучны чавтий хүртээх явдал бат нот оршсоор буй төдийгүй асуудал гарахад “Өнөөгийн залуус сэтгэлийн тэнхээгүй болсон” гэх үгээр шалтаглан амиа хорлоод буй тохиолдлыг тайлбарладаг. Гэтэл цэргийн журамд нийцэн амьдарч чадахгүйдээ бус нуусаар ирсэн дарамтаас болоод буй гэдгийг хүний эрхийн хамгаалагч нар анхааруулдаг.
Эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх бидний арга барилыг эргээд нэг харах гээд үзье. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын чиг шугам, бас "ухаарал” байдаг. Уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, хал нь гаднаа хайр нь дотроо ухаан энэ бүхэн монгол эр хүний шинж гэлтэй. Гэтэл бидний чиг хандлага өөрчлөгдөхийн хэрээр Монгол эр хүн, Монгол цэрэг өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр дэг, журмаас илүүтэй өрсөлдөх, багаар ажиллах чадвар, тэвчээрийг залууст суулгах бааз нь арми байх ёстой. Үүнийгээ дэг, нэртэй яргалалтай эндүүрээд байгаа цагт бид зүй бусаар залуусаа алддаггүй юмаа гэхэд эрэмдэг, зэрэмдэг болгосоор байна. Тиймээс хамгийн түрүүнд хандлагаа өөрчлөх цаг болжээ. Цэрэгт сэтгэлзүйчээс гадна хуучны улс төрийн орлогчийн оронд хүний эрхийн хамгаалагчийн орон тоо зүй ёсоор үгүйлэгдэж байна.
Цэргийн жавхаа жагсаалдаа байж болох ч...
Аливаа улсын сүр хүч цэрэгтээ, цэргийн сүр хүч жагсаалдаа гэдэгсэн. Монгол цэрэг эрс гайхамшгийг бүтээсэн юм. Өрнө далайн уснаас ундаалсан морьд нь дорно далайд цангаагаа тайлж байв. Тэдний өмнө торох тороо нь үүл, уул даваа, өтгөн ширэнгэ тайга байлаа. Тэд эзнийхээ сургасанчлан Хүнийг эзлэе хэмээвээс биеийг бус сэтгэлийг эзлэ хэмээгээд зүрх зоригоо чангатгаж байв. Энэ бол бидний өнгөрснөөс өвлөсөн бахархал.
Асуудал гарахаар монгол залуучуудын өвлөл өндөр байна гэх юм уу эсвэл бие бялдар муу байгаатай тайлбарлаад баймааргүй байна. Тийм биш гэдгийг энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй жишээ бэлээхэн нотлоод өгнө. Эсрэгээрээ дэлхийд оюун ухаан, авхаалж салбаагаараа тэргүүлж буй. Тиймээс асуудал цэрэгт биш цэргийн зохион байгуулалт бүтцэд байна. Өглөөний 7 цагаас үдшийн 23 цаг хүртэл байнгын чөлөө, завгүй нарийн журамласан ажиллагаатай буй гээд буй эл газарт хэдийдээ нэгнээ дэглэж, дарамтлаж, доромжилж, амийг нь егүүтгэж, амиа хорлоход нь хүргээд байна вэ? Үүний учрыг хэлж чаддаггүй өнөөгийн зэвсэгт хүчин дараагийн арга хэмжээг авч чадахгүй л болов уу.
Мэдээллийн эрин гэгдэж буй энэ зуунд цэргийн хүчээр бус технологиор дайтах нь тодорхой боллоо. Гал зэвсэгээр тулалдахдаа хүртэл дрон ашиглаад эхэлчихлээ. Гэтэл монгол цэрэг дэглүүлсэн, доромжлуулсан, өнөөгийн хүүхдүүдийн хөх инээдэм нь хүрэхээр технологийн мэдлэгтэй халагдаж байна.
Журмаа өөрчлөхгүй бол “Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” гэдэг тангарагтай цэрэг эрс маань хууль ёсны бус цааз авсаар байх болно. Хэдэн цэргийн амь нас, эрүүл мэнд үгүй болсоны дараа өөрчлөх ёстой гэж...
Хамгийн түрүүнд бид цэргийн журмаа одоо өөрчлөх болжээ. Журмаа өөрчлөхийн тулд хандлагаа өөрчлөх нь зайлшгүй билээ.