Өвөрхангай аймаг Нарийнтээл сумынхаа нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж буй орон нутгийн өмчит “Баянтээг түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулах, шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 2020 оны байдлаар байнгын 34103 оршин суугч, 9545 өрх бүртгэгджээ. Нийт өрх айлын 1665 буюу 18.1 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол 7570 буюу 81.9 хувь нь гэр хороололд амьдарч байна. Аймгийн төвийн агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 30 хувь нь халаалтын зуухнууд, 10 хувь нь бусад эх үүсвэрээс ялгардаг гэсэн судалгааны дүн гарчээ. Иймд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулна гэж үзжээ.