Биткойн, түүнийг дагасан крипто валютын зах зээл олон улсын анхаарлын төвд орсноос хойш хялбар аргаар баяжихыг хүсэгчид уг зах зээлд оролцох нь ихэссэн.

Улмаар крипто валютын зах зээл дэх луйврын хэргүүд олноор гарах  болжээ. Монгол Улсын хувьд ч үүнийг тойрч гарахгүй нь бололтой. Иргэдийн зүгээс зарим компанийн урамшууллын систем буюу оноог биткойн хэмээн ойлгох явдал байгааг салбар хариуцсан төрийн захиргааны байгууллагын зүгээс анхааруулаад байна.

Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт энэ тухай анхааруулга гаргасан. Уг анхааруулгад, нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй гэдгийг хэлээд буй.

Одоогоор улсын хэмжээнд Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж гэсэн гурван бирж л үйл ажиллагаа явуулж байгаа. Харин дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа.

Тагнуулын байгууллагын зүгээс биткойн түүнийг дагасан крипто валютын зах зээл дэх луйврын арга, хэлбэрийг судалж байгаа гэлээ. Тусгай байгууллагаас олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хэд хэдэн арга хэлбэр байгааг иргэдэд мэдэгдэхийг хүссэн юм. Тэгвэл санхүүгийн зах зээлийг сонирхож байгаа иргэдэд зориулан энэхүү үүлэн технологийн зах зээлд эхний байдлаар хүмүүсийг төөрөгдүүлдэг хэлбэрүүдийг хүргэж байна.

ICO ашиглан хөрөнгө оруулалт татах

ICO буюу (Initial Coin Offering)  гэдэг нь зах зээлд шинээр крипто валют, крипто зоос  гаргах, түүнийгээ хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлдэг бөгөөд IPO  гаргахтай ижил ойлголт юм. Ихэнх ICO нь хууль ёсны байдаг ч бэлэн болоогүй төслөөс хэсэг хугацааны дараа их хэмжээний ашиг олно гэсэн итгэлд үндэслэж хөрөнгө оруулалт хийдэг тул  өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймд ашиг хонжоо хайсан этгээдүүд уг салбарын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хялбар аргаар ашиг олох сонирхол бүхий иргэдийн сэтгэл хөдлөлд нь тулгуурлах замаар бодит бус төсөл санал болгож, мөнгийг нь залилах тохиолдол олноор гарч байна.

Энэ төрлийн залилан Blockchain 2.0 технологид суурилсан Ethereum платформ дээр хийгдэх нь элбэг. Учир нь түүний ухаалаг гэрээнүүдийн тусламжтайгаар дурын хүн шинээр программ, крипто валют гаргах боломжтой байдаг. Иймд ICO-д хөрөнгө оруулахдаа тухайн төслийн танилцуулгыг сайтар судалж бусад төслийг хуулбарлах замаар таныг залилах гэж буй эсэхийг харьцуулах шаардлагатай. Крипто валютын үйлчилгээ эрхлэгчид олон нийтэд ил гардаггүй, санхүүгийн нууцлал дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь Засгийн газраас хараат бус, зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй зэргээс өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Мөн ICO-г санаачлагчид цаашид бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэхэд бус хөрөнгө оруулалт татахдаа голчлон анхаарч байвал хөрөнгө оруулахгүй байх нь зөв шийдэл юм.

Крипто валютыг биржээр арилжаалах, хөрвүүлэх үйл ажиллагаа

Крипто валютын зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэх тусам крипто валютыг нэгээс нөгөө рүү хөрвүүлэх биржүүдийн тоо нэмэгдэх болсон. Хэдийгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг Coinbase зэрэг баталгаатай биржүүд байдаг ч мөнгөө алдах эрсдэлтэй далд биржүүд ч олширсоор байгаа ба тэд таны мөнгийг хөрвүүлэхдээ эхний удаад залилаагүй ч дараагийн удаад шударгаар үйлчлэх эсэх нь тодорхойгүй юм. Түүнчлэн баталгаатай эсэхээс үл хамааран ямар ч биржийг хакердах эрсдэлтэй тул та арилжаа хийгээгүй үедээ крипто валютаа биржид бус цахим хэтэвчинд хадгалах нь зүйтэй.

PONZI схем буюу пирамид тогтолцоо

Манай улсад энэ төрлийн залиланг “сүлжээний бизнес” гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэл хөдлөлийг ашиглах замаар залилах ажиллагаа юм. Ингэхдээ тэд хүн бүхний мэддэггүй худалдааны алгоритмаас ашиг хүртэх “шидэт” боломжийг танд санал болгох хэдий ч энэ нь бодит байдал дээр эхний хөрөнгө оруулагчдад дараагийн хөрөнгө оруулагчдаас авсан мөнгийг тараах замаар “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын гэмт хэрэг” үйлдэж, үүндээ таныг санаатай болон санамсаргүйгээр татан оруулдаг.

Улмаар их хэмжээний ашиг хүртсэн эхний хөрөнгө оруулагчид хялбар аргаар ашиг олох “шидэт” боломжийг бусдад санал болгосноор их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ба схем санаачлагч ор мөргүй алга болох тохиолдол цөөнгүй гардаг. Монгол Улсын хувьд үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж   Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр ял оноож байгаа.

Цахим түрийвч

Крипто валют худалдаж авахад хөрөнгийн биржээр арилжаа хийхээс гадна цахим хэтэвч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Exodus, Jaxx, Ledger Nano S зэрэг хууль ёсны хэтэвчнүүд байдаг ч залилан мэхлэх зорилготой олонд танигдаагүй хэтэвчнүүд ч цөөнгүй. Учир нь энэ төрлийн хэтэвчийг хэрэглэх үед нууц түлхүүр нь залилан үйлдэгчдэд давхар очдогоос гадна хэтэвчний нууц кодыг мэддэг бусад этгээд танаас хамааралгүйгээр крипто валютыг завших боломжтой байдаг. Иймд олон нийтэд танигдсан, баталгаатай хэтэвч ашиглах нь зүйтэй бөгөөд нууц түлхүүрийг танаас өөр хэн ч мэддэггүй болохыг, мөн хэтэвчиндээ нэвтрэхдээ Phishing-ийн сайт хэрэглэж буй эсэхээ нягтлах шаардлагатай.

Phishing ба Хуурамч крипто валют худалдаалах

Энэ төрлийн цахим сайтууд нь хортой кодын тусламжтайгаар таны крипто валют төдийгүй санхүүгийн бусад хувийн мэдээлэлд ч нэвтэрдэг. Ингэхдээ олонд танигдсан аж ахуйн нэгж, төслийн нэрийг барьж үйлчилгээ санал болгодог. Иргэд үүнийг ихэвчлэн андуурч итгэдэг нь албан ёсны нэрээс цэг, таслал, доогуур зураас зэрэг үл анзаарагдам ялгаатай байдагт оршдог аж. Тэд иргэдэд ямар нэгэн ашигтай үйлчилгээ санал болгож түүнд хандах төдийд  мэдээлэл алдагддаг байна.

Энэ төрлийн залилан үйлдэгчдийн арга, ажиллагаа боловсронгуй болсоор байгаа ба Airdrops зэрэг шинээр гарч буй крипто валют, зоосноос бага хэмжээтэйг үнэгүй тараах замаар олны анхаарлыг татдаг.

Хуурамч крипто валют худалдаалах арга нь дээр дурдсан хууран мэхлэх аргуудаас цөөн тохиолддог ч хэн нэгэн этгээд хуурамч крипто валютад хөрөнгө оруулахыг танд санал болгох эрсдэл байсаар байна. Ингэхдээ крипто валютын зах зээлийн талаарх мэдлэг хомс иргэдийг сонгож залилах нь элбэг тул ямар ч тохиолдолд өндөр өгөөжтэй крипто валютын арилжаа эрхлэгч танд хандаж хөрөнгө оруулахыг ятгахгүй гэдгийг л санах хэрэгтэй аж.

Олны танил хүн болон олонд танигдсан төсөл, хөтөлбөрийн нэрийг барих

Энэ төрлийн залилангийн Phishing-ээс ялгаатай байдал нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах,  бэлэг санал болгох зэргээр итгэлийг  олж авдаг. Улмаар Ponzi-ны схемтэй адилаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан ямар нэгэн төсөл хөтөлбөр, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг байна. Монголчуудын хувьд хэн нэгэн алдартай жүжигчний нэрээр нээсэн хуудсан дахь урамшуулал, мөнгө өгнө гэсэн зарыг олноороо дагаж хошуурдаг нь энэ төрлийн залиланд автах магадлалтайг харуулдаг юм.