Букингемийн ордон Хатан хаан Элизабетийн нэрийн өмнөөс CBS сувгаар гарсан дуулиант ярилцлагад тайлбар хийлээ. Ням гарагт Сассексийн гүн Харри түүний эхнэр Меган Маркл нар хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлэгт оролцож ордны амьдралын тухай бараан түүхээсээ хуваалцсан юм.
Хатан хааны мэдэгдэлд “Сүүлийн хэдэн жил Харри, Меган нарт ямар хүнд хэцүү байсныг бүрэн дүүрэн ойлгож мэдэрлээ. Болсон хэрэг явдалд бүх гэр бүлийнхээ өмнөөс харамсаж байна. Ярилцлагад хөндөгдсөн асуудлууд, ялангуяа арьс өнгөөр ялгаварлах хандлага сэтгэл түгшээлээ. Зарим мэдэгдлүүд бодит байдал дээр тохиолдсон зүйлээс өөр байж болох ч бид маш нухацтай авч үзнэ. Эдгээр нь гэр бүлийн дотоод асуудал тул хувийн журмаар шалгаж үзэх болно” гээд Харри, Меган, Арчи нар үргэлж хааны гэр бүлийн гишүүд хэвээрээ байх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хоёр цаг шахам үргэлжилсэн ярилцлагын үеэр Меган Маркл хааны гэр бүлд байхдаа амиа хорлох талаар бодож байсан, Британийн хэвлэлүүдийн мөрдөн мөшгих нь хэрээс хэтэрсэн тухай өгүүлж эрхэм дээдсүүдийн нэг нь Арчи хүүг хэр бараан арьстай болох талаар лавлаж байсан хэмээн ярьсан юм.